“ДОРНОД БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ” ТӨХК-ИЙН АЖИЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА
Эрчим хүчний сайд Н. Тавинбэх өнгөрөгч амралтын өдрүүдэд Дорнод, Сүхбаатар аймгуудад ажиллаж, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ажил байдалтай танилцлаа. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан эрчим хүчний салбарт хийгдэх бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийж, импортын хараат байдлыг халах, цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг сайжруулах чиглэлд хийгдэх ажлын төлөвлөгөөг танилцуулсан юм.
“ДОРНОД БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ” ТӨХК нь Дорнод, Сүхбаатар аймгийн 36 сум суурин, уул уурхайн 13 ордын баяжуулах олборлох үйлдвэрүүдийг цахилгаан эрчим хүчээр хангадаг.
Чойбалсан хотын 830 аж ахуйн нэгж, 6614 айл өрхийн хэрэглэгчдийг 26.5 км далд болон ил шугамаар дамжуулан дулаанаар хангадаг. Тус компанийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 65 хувийг уул уурхайн хэрэглэгчид эзэлдэг. Хэрэглэгчийн онцлогоос шалтгаалан “Ковид 19” цар тахлын улмаас цахилгаан эрчим хүчний борлуулалт буурчээ. 2021 оны өвлийн бэлтгэл хангах 56 багц ажлыг гүйцэтгэж, төлөвлөгөөний биелэлт 97.5 хувьтай байна.
Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын цахилгаан эрчим хүчний хэрэглээ 10 кВ талын ачаалал 6%, 35 кВ талын ачаалал 7 %өссөн байна. Энэхүү өсөлт болон шинээр баригдах Дулааны станцын өргөтгөлд шаардлагатай 3.2 тэрбум төгрөгийн өргөтгөлийн ажлыг ирэх оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтад тусгах шаардлагатай байгаа ажээ.
Эрчим хүчний сайд Н. Тавинбэх зах зээлээ өргөтгөхөд анхаарах, нүүрсний уурхайнуудын оролцоог тэгш хангахад анхаарах, ижил төрлийн тусгай зөвшөөрөл эрхлэгч нарт зах зээлээ алдахгүй байх, үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх, худалдан авалтыг тэвчих, үндсэн тоноглолд хөрөнгө оруулахад анхаарахыг үүрэг болголоо.
Эх сурвалж: ЭХЯ

Сэтгэгдэл бичигдээгүй байна