УРАЛЫН ХОЛБООНЫ ИХ СУРГУУЛЬ “СҮХБААТАРЫН ОДОН” -ГООР ШАГНАГДАНА
ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Б.Н.Ельцины нэрэмжит Уралын холбооны их сургуулийн Монгол дахь төгсөгчид уулзалт хийлээ
Уралын их сургууль нь Уралын бүс нутгийг хамарсан сургууль бөгөөд Зөвлөлт засгийн тэргүүн В.И.Ленины тушаалаар 1920 онд Екатеринбург хотод байгуулагдсан байна. Анх байгуулагдахдаа 11 факультеттай, 2501 оюутантай, 293 багштай (үүний 52 нь профессор) –гаар үйл ажиллагаагаа эхэлж байжээ.
Уралын холбооны их сургуульд (хуучнаар УПДС, УИС) анх 1961 оноос эхлэн монгол оюутан суралцаж эхэлжээ. Тухайн үед манай улсын нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол, аж үйлдвэр, барилга, уул уурхай, эрчим хүч зэрэг нийгмийн бүхий л салбарт нарийн мэргэжлийн боловсон хүчин, инженер-техникийн ажилтнууд нэн чухал шаардлагатай байлаа. Иймээс ОХУ-ын их, дээд сургуульд оюутан залуусыг өргөнөөр явуулж сургаж байсан бөгөөд үүний нэг нь хуучнаар ЗХУ-ын Свердловск хотын УИС, УПДС-д маш олон залуусыг нарийн мэргэжил эзэмшүүлэхээр явуулж байсан. Тус сургуулийг нийт 2000 гаруй монгол оюутнууд төгссөн бөгөөд одоо 50 гаруй оюутан бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалахаар суралцаж байна. Тус сургуулийг төгссөн олон арван мэргэжилтэн, инженер техникийн ажилтнууд Монгол улсын нийгэм эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, аж үйлдвэр, барилга, уул уурхай, эрчим хүч зэрэг бүхий л салбарт үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Түүнчлэн улс төр, төрийн алба, улсын байгууллага, компани, хувийн хэвшил салбарт олноор ажиллаж байна.
Тус сургуулийг төгсөгчдийн дотроос МУ-ын Их Хурлын гишүүн 6, төрийн сайд 6, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга 4, аймаг, хотын намын хорооны 1-р нарийн бичгийн дарга 4, АДХГЗ-ны дарга 4, МУ-ын төрийн шагналтан, гавъяат цолтон 22, академич 3 төрөн гарчээ. МУ-ын их, дээд сургуулиудад тус сургуулийг төгссөн 50 шахам доктор, профессорууд ажиллаж байна. Тухайлбал, ШУТИС, МУИС, Боловсролын их сургууль, Барилгын колледж зэргийг нэрлэж болно. Мөн МУ-ын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж буй томоохон улсын болон хувийн хэвшлийн байгууллага, компанид тус сургуулийг төгсөгчид маш олон байна. Тухайлбал, Хурд компанийг үүсгэн байгуулагч Б.Чойжилсүрэн, Монголд интернэтийн үйлчилгээ анх нэвтрүүлэгч Дата компаний захирал Д.Энхбат, “Монгол базальт” ХХК-ний ерөнхий захирал Л.Ариунболд, “Ганхийц” ХХК-ний захирал М.Даваасүрэн, Боловсролын их сургуулийн захирал Д.Мандах, Олонлог академи сургуулийн захирал Б.Баясгалан, 4-р цахилгаан станцын Ерөнхий захирал Ү.Төмөрхуяг нарыг нэрлэж болно. Мөн Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт УПдСийг төгсөгчид маш олноор ажиллаж байгаа бөгөөд ийм жишээг тоочоод баршгүй билээ.
Монгол улсад мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, найрамдал хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол улсын Засгийн газраас Уралын холбооны их сургуулийг 1977 онд “Засгийн газрын жуух” бичиг, 1981 онд “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор тус тус шагнасан байна. Энэ жил Уралын холбооны их сургуулийн 100 жилийн ой нь тохиолдож байнгаатай холбогдуулан тус сургуулийг МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар “Сүхбаатарын одон”-гоор шагналаа.

Сэтгэгдэл бичигдээгүй байна