Хүн амьдрахад боломжгүй болоход ойр байгаа хотууд
Цаг уур өөрчлөлтийн хор хөнөөлийг дэлхий нийтээрээ амсаж байна. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Засгийн газар хоорондын хорооны (IPCC) тооцоолж буйгаар 2040 он гэхэд дэлхийн дулаарлаас үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдлүүд ихсэж, дундаж температур өмнөхөөсөө хурдтай нэмэгдэхээр байгаа аж. Үүнээс гадна зарим томоохон хотууд 2100 он гэхэд хүн амьдрах боломжгүй болохоор байгаа юм. Тухайлбал, 2100 он гэхэд Флорида мужийн Миами хотын 3.3 сая хүн үерийн гамшигт нэрвэгдэхээр байна. Мэргэжилтнүүд 2010-2100 оны хооронд далайн түвшин 1.8 метрээр нэмэгдэнэ хэмээн тооцоолжээ. Тэгвэл Нью-Орлеанс 80 жилийн дараа гэхэд бүрмөсөн живэх эрсдэлтэй байгаа гэнэ. Далайн түвшин 91 сантиметрээр дээшлэхэд л хотын нийт хүн амын гуравны нэг нь усанд живэх эрсдэл үүсчээ. MIT-ийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар Дубай хотын агаарын хэм 2070 он гэхэд нэмэх 45-аас давна гэж үзэж байна. Үүний уршгаар тус хотын оршин суугчид зургадугаар сараас есдүгээр сар хүртэл гадагш гарах боломжгүй болж ч магадгүй аж. Абу Даби хотод өмнө нь 52 хэм хүртэл халж байсан түүхтэй. Харин Энэтхэгийн Нью Дели хот агаарын бохирдол, халалтаас үүдэлтэй гамшгуудыг туулахаар байна. Нью Дели хотын агаарын хэм хэдийнэ 35 давах болсон билээ. 2017 онд Бангладеш Улсад тохиосон үерийн гамшигт найман сая хүн өртөж, 700 мянган өрхийн орон гэр сүйдэж, 140 орчим хүн амиа алджээ. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Засгийн газар хоорондын хороо далайн түвшин 91 сантиметрээр нэмэгдэхэд Бангладеш Улсад хөрсний гулгалт 20 хувиар нэмэгдэнэ гэж үзэж байна. Дака хот руу шилжин суурьшиж буй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь тус улсын эрх баригчдын санааг зовоож байгаа аж. Нигерийн Лагос хотын хүн ам хурдтай нэмэгдэхийн сацуу үерийн гамшигт нэрвэгдэх магадлал өсөж байна. 2016 онд хийсэн судалгаагаар арван жилийн дотор Лагос хот үерийн улмаас 260 мянган хүн амиа алдана гэсэн тооцоо гарчээ.

Сэтгэгдэл бичигдээгүй байна