Т.Ганболд: "Фауст" жүжиг Монголын бодит амьдралтай таарч байгаа нь гайхалтай

Админ
2020/10/22

Монголын театрын урлагийн хөгжлийг дэмжиж, орчин үеийн театрын өнгө төрхийг тодорхойлохоор постдрам чиглэлийн “Альфа” театр арваннэгдүгээр сарын 6,7,8-нд  Германы алдарт зохиолч Гётегийн “Фауст” жүжгээр нээлтээ хийхээр болсон билээ. Энэхүү нээлтийн арга хэмжээний талаар “Фауст” жүжгийн уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус  жүжгийн ерөнхий найруулагчаар М.Батболд, ерөнхий продюсероор Т.Ганболд, зохиолч орчуулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Пүрэвдагва, ерөнхий зураачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар ажиллаж, гол дүрд ардын жүжигчин Г.Мягмарнаран, Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, Г.Бархүү нар болон залуу уран бүтээлчид тоглох юм. Энэ талаар"Фауст" жүжгийн ерөнхий продюсер Т.Ганболд: “Театр хэмээх ойлголтыг жинхэнэ утгаар нь үзэгчдэд мэдрүүлж, нийгмийн тулгамдсан асуудлыг урлагаар дамжуулан хөндөж, нийгмийн хөгжил, иргэдийн танин мэдэхүйд эергээр нөлөөлөх зорилгоор "Альфа" театрыг мэргэжлийн багийнхантай хамтран ажиллаа. Театрын нээлтээр тоглогдох гэж буй "Фауст" жүжгийн зохиол нь одоогоос 300 гаруй жилийн өмнө бичигдсэн зохиол. Цаг хугацаа өнгөрсөн хэдий ч өнөөдөр манай Монголын бодит амьдралтай таарч байгаа нь гайхалтай. Энэхүү жүжгээс нийгэм өрнөөд буй төрөл бүрийн үзэгдэл, хайр дурлал, амьдралын утга учир, хүн өөрийгөө олох, мэдрэх олон шийдлийг олж харж болно” хэмээлээ. СТА Г.Бархүү “Юуны өмнө энэхүү гайхалтай жүжгийг найруулсан найруулагч болон намайг сонгосон баг хамт олонд баярлалаа. Миний хувьд тайзан дээр гараагүй их удсан байна. Жүжигчин хүн бүрийн хүсэн хүлээдэг гурван сонгодгийн нэгэнд тоглож байгаадаа баяртай байна. “Фауст” жүжигт би мефистофель буюу чөтгөрийн дүрийг бүтээж байгаа. Миний дотроо бодож явдаг болон Х-Түц продакшны уран бүтээлийн бодлогод уялдсан шинэ театр гарч ирсэнд таатай байна. Яг үнэндээ бид уламжлалт хэлбэрээр буюу хуучныхаа арга барилаар тоглолтоо хийгээд яваад байж болохгүй. Шинэ үеийнхэн гарч ирж байна. Та нар энийг л үз гээд урьдын зүйлээ үзүүлээд байж болохгүй. Харин ирээдүйн үеийнхэнд бэлдэж, уран бүтээлээ хийх цаг аль хэдийн ирчихсэн. "Альфа" театр пост драм хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах гэж байгааг таатай хүлээж авч буй нь үүнтэй холбоотой. “Фауст” жүжгийн хувьд гэхэд шинэ өнгө төрхөөр, сүүлийн үеийн техник технологийг ашигласан нь өөрөө ирээдүйг харж чадаж байгаагийн илэрхийлэл юм. “Фауст” жүжгийн ерөнхий найруулагч  М.Батболд “Миний хувьд 2018 онд Москвагийн Театр урлагийн академийг драмын найруулагч мэргэжлээр зургаан жил суралцаж төгссөн. "Альфа" театрт нэг жилийн хугацаанд тоглогдох жүжгийн хөтөлбөр гарчихсан. Нээлтийн жүжиг “Фауст”-аар эхэлж байгаа нь их утга учиртай. Гурван өдөр нээлтээ хийнэ. Энэхүү жүжиг шинэ илэрхийлэмжтэйгээр, шинэ техник технологийн дор постдрамын чиглэлээр найруулан тавигдаж буйгаараа онцлогтой. Пост драм гэдгийг шинэ драм, орчин үеийн драмын жүжиг гэж ойлгож болно.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна