Энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороодын хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.
2021 онд төсвийн бодлогыг хэрэгжүүлэхдээ цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нөлөөллөөр үүссэн төсвийн алдагдлыг 2021 онд бууруулж, төсвийн тогтвортой байдлыг ханган, мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг хэрэгжүүлэх.
Цар тахлын үед хэрэгжүүлж буй иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих зарим арга хэмжээг хилийн хориог цуцлах хүртэлх хугацаагаар буюу ирэх оны эхний хагас жилд үргэлжлүүлэх,
Татвар нэмэхгүйгээр бизнесийн орчныг үргэлжлүүлэн дэмжиж, гаалийн шинэчлэлийн үр дүнд экспортыг нэмэгдүүлж, баялгаас орох орлогыг бүрэн хураах, технологийн дэвшил ашиглан татварын бүртгэл, хамрагдалтыг сайжруулж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэн төсвийн орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчлах,
Төсвийн урсгал зардлыг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн түвшинд нийцүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлэх, нийгмийн даатгал, нийгмйин хамгааллын үйлчилгээг коронавируст (КОВИД-19) цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалж, нийгмийн эмзэг бүлэгт чиглүүлэхээр төлөвлөжээ.
Энэ үндсэн дээр Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.9 хувь, нийт зарлагын хэмжээг 13.9 их наяд төгрөг буюу 30.0 хувь, төсвийн алдагдлыг 2.6 их наяд төгрөгөөр бууруулж, -2.2 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -5.1 хувь байхаар төлөвлөж, төсвийн төсөлд тусгасан.
Ирэх оны төсвийн онцлог нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараах анхны төсөв юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас өргөн барьсан төсвийг УИХ дээр зарлага нэмэгдүүлэх эрхгүй. Гишүүд тойрогтоо ахиу хөрөнгө оруулалт татах нэрийдлээр төсвийн төслийг танихгүй мэт өөрчилдөг байдлыг хязгаарласан гэсэн үг.
Тиймээс Засгийн газар төсвөө боохдоо урьд урьдынхаас илүүтэй хариуцлагагүй хандах шаардлагатай болж байгаа юм. Энэ тухай өчигдөр /2020.10.27/ Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Б.Жавхлан хөндөж “УИХ, байнгын хороон дээр төсвийг хэлэлцэх хугацаа маш давчуу байна. Дэгийн хуулиараа төсвийг хэлэлцэх цаг хугацааг уртасгаж, өөрчлөх шаардлагатай. Тэгж байж төсвийн төсөлд гишүүд бүтээлч хандана” гэдгийг сануулсан.
УИХ-ын гишүүдийн зүгээс 2021 оны төсвийн хуваарилалт харилцан адилгүй байгааг шүүмжилж буй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ төсвийн хуваарилалтыг аймаг бүрт харилцан адилгүй оруулж ирсэн. Эдийн засаг хүнд байна гэж ярьсан. Гэтэл зарим аймагт 130, 140 тэрбум төгрөг гэж оруулсан нь шударга бус.
Болохгүй бол Үндсэн хуулийн цэцэд хандана шүү гэж хатуухан шүүмжилсэн. Түүнчлэн нэр бүхий хуульчид өнгөрөгч Даваа гаригт /2020.10.25/ 2021 оны төсвийн тухай хуулийг тэгш бус гэдэг үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд өгөхөө мэдэгдсэн.
Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Сангийн сайд, ЗГХЭГ-ын дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга энэ таван хүн бусад гишүүнээс илүү өндөр дүнтэй хөрөнгө оруулалт орон нутагтаа татдаг бичигдээгүй хууль нэгэнт бий болсон гэж эдийн засагчид ч шүүмжилдэг. Тухайлбал, 2021 онд Хэнтий, Баянхонгор аймагт 125 сая төгрөг буюу хамгийн их төсөв хуваарилагдсан байна.
Тиймээс энэ долоо хоногийн VS буландаа 2021 оны төсвийн хөрөнгө оруулалт тэгш бус эсэх асуудлаар талуудын эсрэг, тэсрэг байр суурийг хүргэж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна