Ким Кардашиан хувийн арал дээр төрсөн өдрөө тэмдэглэсэн нь олны шүүмжлэлд өртжээ

Админ
2020/10/29


Америкийн телевизийн од Ким Кардашиан 40 насны төрсөн өдрөө хувийн эзэмшлийн арал дээр тэмдэглэснээ нийгмийн сүлжээнд дэлгэсний дараа олны шүүмжлэлд өртжээ. Түүнийг төрсөн өдрийн зургаа Твиттертээ тавьсны дараа иргэд цар тахлын оргил үед олон хүн нэг дор цуглууллаа хэмээн дургүйцсэн байна. Кардашиан ойр дотныхоо хүмүүсийг хоёр долоо хоногийн турш өөрсдийгөө тусгаарлаж, эрүүл мэндийн үзлэгт орон, хэд хэдэн удаа коронавирусийн шинжилгээ өгөхийг хүссэн гэдгээ хэлсэн байна.  Тэрбээр "Би хэсэгхэн хугацаанд  хамгийн ойр дотны хүрээллээ хувийн арал руу авч явж тэдэндээ гэнэтийн бэлэг барилаа" хэмээн бичжээ. "COVID-ээс өмнө бидний хэн нь ч аюулгүй нөхцөлд аялж, гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт байх нь хамгийн энгийн тансаглал байсныг мэддэггүй байжээ" гэсэн байна. Арал дээр төрсөн өдрийн эзэн болон зочид бүжиглэж, дугуй унаж, усанд сэлж, каяк завиар аялан орой нь далайн эрэг дээр кино үзэцгээжээ. "Олон хүн өнөөдрийн бидний баяр баяслыг мэдэрч чадахгүй байгааг би ойлгож байна. Амьдрал надад ямар их давуу эрх эдэлж байгааг минь дахин санууллаа" гэжээ. Гэвч энэ жиргээнд хүмүүсийн санал зөрөлдсөн байна. Зарим нь Кардашианы өмнөөс баярлаж буйгаа илэрхийлсэн бол зарим нь "мэдрэмжгүй" хэмээн шүүмжилжээ. Нэг жиргээч "Баячууд хувийн арал дээр цэнгэж байхад жирийн хүмүүс Талархлын баяр болон Зул сарын баяраа тэмдэглэж чадахгүй нь" гэсэн байна. Британийн хөгжимчин Питер Фрамптон Кардашианыг "мэдрэмжгүй" хэмээгээд "Коронавирусийн нөхцөл байдал урьд урьдынхаас ч тааруухан болчхоод байхад хэн нэгэн нь буяны гуанзанд, нөгөө нэг нь хувийн арал руу явж байх юм" хэмээн бичжээ. Сэтгүүлч Ронан Фэрроуд Кардашианы үдэшлэгийг зураач Босхын бүтээлтэй зүйрлэжээ. Зарим нь Кардашианыг  баярлах гэж биш гайхуулах гэж үдэшлэг зохиосон гэв. "Үдэшлэг зохиогоо л биз. Гэхдээ тэрийгээ дэлхий даяар нийгмийн сүлжээгээр ярьж яваа нь хуурамч тэмдэглэл шиг санагдсан" хэмээн зохиолч Женна Квигли бичсэн байна. Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 1,1 сая хүн коронавирусийн улмаас амиа алдаад байна. АНУ хамгийн ихээр хохирол амссан улс болсон бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 9 сая гаруй хүн халдвар авснаас 232 мянган хүн нас бараад байгаа билээ. Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна