ТЭТГЭВРИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙГДЭХГҮЙ!!!

Админ
2020/10/29

2020 оны 10 сарын 27-ны өдөр хуралдсан УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хурлаар Н.Учрал гишүүний өргөн барьсан "Хувийн тэтгэврийн тухай" хуулийн төслийг хэлэлцэх эсэх, ажлын хэсэг байгуулан, хэлэлцэж, хөгжүүлэх талаар санал хураалт явуулав. Оролцсон нийт гишүүдийн саналын тоо тэнцэж, уг хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй, цаг нь болоогүй гэж үзлээ. Түүхэнд сүүлийн 25 жилийн хугацаанд 16 удаа тэтгэвэртэй холбоотой, тэтгэврийн шинэчлэл, олон тулгуурт тэтгэврийн тогтолцооны тухай хуулийн төсөл өргөн баригдаж байсан ч тухай бүрдээ ямар нэг шалтгаанаар буцаж эсхүл унаж байв. Санал хураалтад оролцсон 14 гишүүнээс 7 нь дэмжиж, 4 нь санал хураалтын үеэр чуулганы танхимд байгаагүй тул татгалзсан саналд тооцогдож, 1 гишүүн кнопоо андуурч дарсан бол 2 нь татгалзсан санал өгч, эцсийн дүндээ саналын харьцаа 7/7 болон тэнцсэн. Ийнхүү 1 гишүүн кнопоо андууран дарж, харин санал хураалтын дараа 1 гишүүн нэмэгдэж орж ирсэн ч хурлын дэгийн дагуу тухайн санал хураалтыг дахин явуулах боломжгүй гэж үзсэн юм. Нийт гишүүдийн саналын тоо тэнцсэн тохиолдолд нэмэлтээр орж ирсэн саналыг татгалзсанд тооцдог байна. УИХ-ын гишүүдээс уг хуулийг дэмжсэн саналыг Б.Баярсайхан, Б.Жаргалмаа, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, Ц.Сандагдорж, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн нар өгсөн. Харин татгалзсан саналыг С.Ганбаатар, С.Чинзориг нар өглөө. 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдсөн МАН, АН, ХҮН, МАХНамууд бүгд мөрийн хөтөлбөртөө олон тулгуурт тэтгэврийн тогтолцоог дэмжинэ, тэтгэврийн шинэчлэл хийнэ хэмээн тусгаж байсныг хүн бүр санаж байгаа болов уу. Иргэд бид 2 нүүртэй, худалч улс төрчдөөсөө хэзээ салах юм бэ?  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна