Тэргэнцэртэй иргэд нийтийн тээврээр зорчиход хүндрэлтэй байгаагаа илэрхийллээ

Админ
2020/10/30

Тэргэнцэртэй иргэдэд нийтийн тээвэр, зам харгуй хамгийн тулгамдсан, шийдвэрдэх шаардлагатай асуудал гэдгийг Төрийн ордны Их танхимд өнөөдөр болсон "Бид хэрэглэгч" хэлэлцүүлэгт оролцогчид онцолж дуу хоолойгоо нэгтгэлээ.  Шадар сайд Я.Содбаатарын ивээлд уг хэлэлцүүлгийг ШӨХТГ, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо хамтран зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Зам тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ерөнхий газрын төлөөлөл оролцлоо. Шадар сайд хэлэлцүүлгийн үеэр хэлэхдээ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, тэдний нийгмийн бүхий л харилцаанд бусдын адил оролцох эрхийг хамгаалах, хүртээмжтэй, аюулгүй орчин, нийгмийн үйлчилгээг бий болгоход төр, олон нийт, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэл онцгой ач холбогдолтойг онцолсон юм. Энэ үеэр Шадар сайд холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг даалгавар өгч, асуудалд анхаарч ажиллахыг чиглэл болголоо. Монгол Улсад 106 363 тусгай хэрэгцээт иргэн байгаа бөгөөд энэ нь нийт хүн амын 3.3 хувийг эзэлж байна. Тусгай хэрэгцээт иргэдийн 22.5 хувь нь буюу 23 932 тэргэнцэртэй иргэн байгаа юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна