Баасан гаригийн үдээс хойш Эгийн тэнгист хүчтэй газар хөдлөлт болж, Турк болон Грект 20 гаруй хүн үрэгджээ. Барилгууд нурж том сүйд авчирсан газар хөдлөлтийг эрх баригчид "мини цунами" хэмээж байна.
Албаны хүмүүсийн мэдээлснээр Туркийн баруун хэсэгт орших эрэг орчмын бүсэд 20 хүн амиа алдсан бол Грекийн Самос арал дээр өсвөр насны хүү, охин хоёр хананы нурангинд даруулж нас баржээ.
Туркийн Измир хотод хамгийн багадаа 20 барилга нурсан гэж хотын дарга Тунч Сойер CNN-нд мэдээлжээ. Түүнчлэн 786 хүн бэртэж, гэмтсэн гэж тус улсын гамшгийн агентлаг мэдээлсэн байна. Аврах багууд амьд үлдсэн хүмүүсийг хайж олохын тулд бүхий л хүчин чадлаараа техник хэрэгсэл, нисдэг тэрэг ашиглан ажилласан аж.
Нийт 196 удаа газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэний 23 нь 4.0 баллаас дээш хүчтэй байжээ. Эрэн хайх, аврах ажиллагаа 17 барилгад үргэлжилж байгаагийн дөрөв нь бүрэн нурсан байдалтай гэж Туркийн Байгаль орчин, хот байгуулалтын сайд Мурат Курум хэлжээ.
Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган гэмтэж, бэртсэн хүмүүсийн тав нь хүнд мэс засалд орсон ба найман хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй тухай мэдэгдэв.
Телевизийн бичлэгт Туркийн Измир хотын зарим хэсэг мөн Грекийн Самос арлын Сесме, Сеферихисар гудамжнуудаар ус үерлэж байгааг албаны хүмүүс "мини цунами" гэж тодорхойлсон аж.
Сэтгэгдэл бичигдээгүй байна