Төсвийн мөнгө уйлдаггүй. Татвар төлөгчдийн мөнгөд гомдох эрх байхгүй. Харин дарга даамлын хэтэвчний мөнгө уйлдаг бололтой. УИХ ын чуулганаар ирэх оны төсөв хэлэлцэж байгаа энэ цаг үед ийм үг хэлэх олон баримтат мэдээлэл хөвөрлөө...
Төсвийн мөнгө яагаад уйлдаггүй вэ. Үүний тод жишээ Уул уурхайн сайд Ёндон сайдын ёндоорсон мэдээллээс харж болно. Тэрээр Монгол оросын хамтарсан үйлдвэрийн захирал байхдаа хүүхдийнхээ сургалтын төлбөрт төсвийн мөнгө, татвар төлөгчдийн мөнгөнөөс шилжүүлсэн байна. Мэдээж сайдын амьдрал хүнд, зөвхөн цалингаараа амьдардаг бол ард түмэн ойлгох байсан. Гэвч тэрээр хүүхдийнхээ мөнгийг төлчих хэд дахин хөрөнгөтэй буюу иргэд бухимдаад байгаа болохоор шууд шилжүүлчихсэн “Монгол төрийн сайд” хүн . Ухамсартай сайд гэх үү, урагшгүй албат гэх үү.

Хүрэлсүхийн хариуцлагын сэлэм хаана хүрээд ир нь мохов. Ямар ч байсан Ёндон сайд ёндоорч үлдлээ. Түүнд хариуцлагын хууль үйлчлэхгүй. Толгойг нь илээд, дараа ингэж болохгүй шүү гээд өршөөсөн гэдгийг түүний ажлаа өгөөгүй байдлаас харж болно.
Ёндон сайд Ёндоорч үлдсэнийг төрийн ордоны тамхины цэг дээр Сүнээгээс өгсүүлээд гудамжинд жирийн иргэд хүртэл шуугиж байгаа энэ үед Монгол банкны 10 байртай, Монголбанкны ахлах хянан шалгагч Д.Ганбатад орон сууцны дэмжлэг очсон нь гал дээр тос нэмэв.

Д.Ганбатын хувьд 2019 онд гаргасан ХОМ-тээ 963 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн 5 орон сууцтай, 4 үйлчилгээний байртай, 1 зуслангийн байшинтай, 1 авто гарааштай гэж мэдүүлжээ. Тэрээр жилийн 208 сая төгрөгийн орлоготой бөгөөд 550 сая төгрөгийн авлагатайгаас гадна 786 сая төгрөгийн зээлтэй . Түүнд төр 45 сая төгрөгний орон сууцны урамшуулал олгосон байна. Ийм мэтээр төрийн мөнгөөр Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Бум эрдэнэд ч очсон байна.

Эдгээр албан тушаалтанууд бүгд бэлтэй, хөрөнгөтэй улс. Төсвөө танана, бүсээ чангал хэмээн иргэдээ зүхдэг монгол төрийн түшмэдийн байгаа царай нь энэ. Тэд төрийн мөнгөөр хүүхдээ сургаж, өөртөө байр авч, бүр өөрийгөө шагнасан тохиолдол ар араасаа хөвөрч байна. Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Балдандугар өөрийгөө 80 сая төгрөгөөр шагнасан баримт бий.
Тэрээр 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор тус байгууллагад олон жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа эмч ажилчдад 80.460.000 /наян сая дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийг зохих журмын дагуу бодож олгохыг ахлах нягтлан бодогч /Б.Ховор-Эрдэнэ/-д зөвшөөрсүгэй” гэх өөрийн гарын үсэг бүхий тушаалыг гаргасан байна.
Төрийн сайдаас өгсүүлээд ийнхүү төсвийн мөнгө хумсалдаг бол Монгол төрийн ерөнхийлөгч байсан хүн ч ийм шахаанд оролцож байгаа нь Монгол төрийн гутамшиг болж байна. Магадгүй Титэм үг номын зохиогч Нацагийн Багабанди Ерөнхийлөгч “ Төрийн мөнгөний Титэм шахаачин, уугаачин” гэх ном зохиох хэрэгтэй байжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 8 жил ажилласан энэ эрхэмийг Оюу толгойн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр улираан сонгох шийдвэр гаргахдаа Манай хурандаа хүрэлсүх Ерөнхий сайдын сэлэмний ир мөн л мохсон нь ойлгомжтой. Төрийн хайр халамжийг бишгүй хүртсэн түүний эдлэх эрх дуусаагүй байна. Оюу толгойн төлөөлөн удирдах зөвлөлд энэ эрхэмийн оронд эрдэм боловсролтой залуусыг ажилтай болгож болох байсан. Аль эсвэл уул уурхайн шилдэг боловсон хүчнээ ч томилж болно. Гэвч түүний өмнө төрийн сэлэм хүчгүйдсэн. Титэм үг номны өмнө ч төсвийн мөнгө үнэгүйдлээ. Төрөөр өөрийн бичсэн Титэм үг номоо нэг бүрийн 25000 төгрөгөөр үнэлж, Эрдэнэт үйлдвэрт шахаж, 25 сая төгрөг авчээ. Энэ шилжүүлэгийг Шилэн Цогоо ил болгосоноор Багааяа Ерөнхийлөгчийн үнэн төрх ил болов.

За ингээд төрийн мөнгө уйлдаггүй нь олон жишээг дурьдаад байж болно. Гол нь энэ хүмүүсийн цаана өчнөөн ийм жишээ бий. Шударга үнэн, хариуцлага ярьдаг Ерөнхий сайд маань харин хаачив. Хариуцлагын сэлэмийн хүч мохсон уу. Иргэд асуултын хариултаа нэхэж байна.
Цаашлаад Коронавирусын цар тахлыг далимдуулан, УИХ ын сонгуульд ялалт байгуулахын тулд Нийслэлийн засаг даргаар ажиллаж байсан УИХын гишүүн Амарсайхан нэр бүхий албан тушаалтануудад 30 сая төгрөгний тэтгэлэг өгсөн баримт бидэнд бий.
22 албан тушаалтанд үзүүлсэн 22 сая төгрөг бол зүгээр л нэг өнгөлөн далдлалт. Нийслэлийн засаг даргын орлогч нар 30 сая төгрөгийн дэмжлэг авсаныг сангийн сайд Хүрэлбаатар хэрхэн тайлбарлахыг хүлээе...
Ёндон сайдын өмнө сөхөрсөн, Багабанди ерөнхийлөгчийн өмнө бүрэрсэн Хүрэлсүх сайдын хариуцлагын сэлэм алга болов уу? Эсвэл нь ир мохов уу?
Сэтгэгдэл бичигдээгүй байна