Шүүхээс Жонни Деппийг эхнэрээ хүчирхийлдэг байсан гэж үзжээ

Админ
2020/11/04

Их Британийн Sun сонин хоёр жилийн өмнө гаргасан нийтлэлдээ Холливүүдийн алдарт жүжигчин Жонни Деппийг хуучин эхнэр Эмбер Хердэд гар хүрч байсан тухайн бичжээ. Уг сониныг жүжигчин Жонни Депп нэр хүндэд нь халдаж, зохиомол зүйл нийтэлсэн хэмээн шүүхэд өгөөд байсан юм. Гэвч Лондон хотын шүүх өчигдөр Sun сонины талд шийдвэр гаргаж, Жонни Деппийг эхнэртээ гар хүрч байсан гэж үзжээ. "Sun хэвлэл Деппийг "эхнэрээ зодсон" хэмээн бичсэн нь бодит байдалтай нийцэж байна" гэсэн дүгнэлтийг Лондонгийн шүүхээс гаргасан байна. Түүнчлэн Деппэд нөхөн олговор олгох шаардлагагүй гэж үзжээ. Жүжигчин Эмбер Хердийн өмгөөлөгч "Лондонд болсон шүүх хуралд оролцогсдод шүүхийн шийдвэр гэнэтийн явдал байсангүй" гээд "Тун удахгүй бид АНУ-д бүр ч олон нотлох баримт дэлгэх болно" гэсэн байна. АНУ-д Депп хуучин эхнэр Хердтэй Washington Post-ын нийтлэлийн улмаас шүүхдэж байгаа юм. Тухайн нийтлэлд алдарт жүжигчин эхнэртээ харгис хэрцгий зан гаргадаг байсан талаар бичсэн байна. Өнгөрсөн зун шүүх Депп, Херд нарын мэдүүлгийг гурван долоо хоногийн турш сонсчээ. Тэд бие биеэ хүчирхийлэлд буруутгаж байсан бөгөөд сэтгүүлчид Деппийн зугаа цэнгэл хөөсөн амьдралын хэв маяг, архи, мансууруулах бодисын эсрэг тэмцэж байсан тухай болон тэдний хэрүүл маргааны талаар гээд гэр бүлийн харилцааных нь талаарх нарийн ширийн олон дуулиантай мэдээллүүд олж авсан байна. Шүүх хурлын үеэр Жонни Деппийн өмнөх франц эхнэр, дуучин Ванесса Паради болон хуучин найз бүсгүй Вайонна Райдер нар Деппийг өмгөөлж мэдүүлэг өгч байв. Тэд хоёул Жонни Депп болон Эмбер Херд нарын харилцааны талаар мэдээгүй ч Депп хэзээ ч тэдэнд хүч хэрэглэж байгаагүй гэсэн байна. Харин Херд Деппийг "хяналтаа алддаг мангас" хэмээгээд түүний амь нас аюул эрсдэлд байсан талаар хэлжээ. Тэрбээр Депп түүнд олон удаа бие махбодийн хүчирхийлэл хэрэглэх гэж оролдсон талаар шүүхэд ярьсан байна. Тухайлбал, Депп түүн рүү лонх шидэж байсан, бас нэг удаа утсаа нүүр рүү нь шидсэн гэжээ. "Зарим үед үнэхээр аймшигтай байсан. Нэг бол санаатайгаар эсвэл хяналтаа алдаад намайг алчих вий гэхээс их айж байсан" хэмээн ярьсан байна. Харин Депп Эмбер Херд өөрөө эхэлж хэрүүл өдөж, улмаар тэдний хэрүүл хүчирхийллээр дуусдаг байсан. Тэр ч бүү хэл Херд өөрийг нь өөр хүнтэй гэрийнхээ орон дээр хуурсан талаар ярьжээ. Жонни Депп, Эмбер Херд нар 2010 онд кино зураг авалтын үеэр танилцсан байна. Тэд 2015 оны хоёрдугаар сард гэрлэж, жил гурван сарын дараа гэрлэлтээ цуцлуулжээ. Эмбер Хердийн өмгөөлөгч нар үйлчлүүлэгчээ Депптэй амьдарч байх хугацаандаа айдаст автаж байсан, тухайн үед Жоннигийн карьерийг баллахгүйн тулд Эмбер цагдаад хандаж байгаагүй гэжээ. Салах үйл явц найман сар үргэлжилсэн байна. Үр дүнд нь Херд Деппээс 7 сая ам.доллар, хоёр нохой, морь, Range Rover болон Ford Mustang автомашин авчээ. Депп шүүхэд Эмбер Хердийг салах үйл явцыг удаашруулсан тул 100 мянган долларын торгууль төлөх ёстой гэсэн шаардлага тавьсан ч шүүх уг шаардлагыг хүлээн аваагүй байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна