Э.Оюунсүрэн: COVID-19-ийн эсрэг вакцин бүтээх 204 судалгааны ажил эрчимтэй үргэлжилж байна

Админ
2020/11/05

Эрүүл мэндийн яамны мэдээллийн ээлжит цагаар ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн коронавирустэй холбоотой хийгдэж буй судалгаа, эмнэлзүйн туршилтын талаар танилцууллаа. Дэлхий дахинд коронавирустай холбоотой 119,200 судалгааны ажил хэвлэгдээд байна. Үүнээс 3,807 нь эмнэл зүйн туршилт судалгаа юм.
Мөн ДЭМБ-д бүртгэгдсэнээр коронавирусийн эсрэг вакцин бүтээх 204 судалгааны ажил эрчимтэй үргэлжилж байгааг тэрбээр онцоллоо.

Судалгаа, эмнэл зүйн туршилтын ажлын тойм:

1. Сингапур улсад цар тахлын үед хэрхэн урьдчилан сэргийлэх талаар төрөөс өгч буй зөвлөгөө, зөвлөмжийг дагаж байгаа эсэхийг үнэлэх судалгааг хийжээ. 897 иргэнээ хамруулан судлахад дийлэнх нь урьдчилан сэргийлэх зөвлөмжийг дагаж байгаа гэсэн байна. Түүнчлэн ахмад настай болон боловсролын түвшин өндөр хүмүүст сэтгэл түгших байдал илүү байгаа бөгөөд гэр бүлтэй хүмүүс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг дагаж мөрдөх магадлал илүү их байгааг нь судалгааны явцад ажиглагджээ. 2. Хонг Конгийн судлаачид COVID-19-ийн үед эрүүл мэндийн үйлчилгээ авахаас зайлсхийж буй эсэхийг судалжээ. Уг судалгааны дүнгээр COVID-19-ийн халдварын талаар мэдээлэл сэтгэл зүйд нь ихээхэн нөлөөлж буй иргэд эрүүл мэндийн үйлчилгээнээс аль болох зайлсхийж байгаа аж. Судалгаанд 765 иргэн хамрагдсан байна. 3. Австрали улсын судлаачид 13,829 иргэнийг цар тахлын үеийн сэтгэл зүйн байдлыг үнэлэх судалгааг хийжээ. Оролцогчдын 28 хувь нь сэтгэл гутрал, 21 нь сэтгэл түгшилттэй, 59 хувь нь жирийн үеэс илүү уур уцаартай болсон гэж хариулсан бол үлдсэн нь хэвийн үеэс өөрчлөлт ороогүй гэжээ. Тус багийн судлаачид сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, нийгмийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатайг зөвлөмждөө тусгажээ. 4. Испани улсад ахмад настны асрамжийн газруудад цар тахлын халдвар тархаж байсан тул тархвар зүйг нь судалсан байна. Судалгаанд зургаан асрамжийн газрын 1,084 ахмад настан оролцжээ. Халдвар тархсан эхний гурван сард тархалтын түвшин 34, нас баралт 28 хувь байсан бөгөөд халуурах, ханиалгах, амьсгал давчдах шинж тэмдэг түлхүү илэрсэн аж. Мөн нас баралт эрэгтэй, архаг хууч өвчтэй хүмүүсийн дунд элбэг байв. Цар тахлын улмаас ахмад настны асрамжийн газруудад сард дунджаар 276,000 еврогийн хохирол учирсан байна. 5. Куба улсын эрдэмтэд КОВИД-19-ийн халдвар авсан биеийн байдал нь дунд зэрэг байгаа ахмадуудын дунд CD6 эсрэг биетийг эмчилгээнд хэрэглэх эмнэл зүйн туршилт, судалгааг амжилттай хийсэн талаараа мэдээлжээ. Эмчилгээнд хамрагдсан 19 хүний 18-ынх нь биеийн байдал эрс сайжирсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна