Махны экспортыг нэмэх чиглэлээр санал солилцов

Админ
2020/11/06

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны мах бэлтгэл, үйлдвэрлэл, экспортын үйл ажиллагаатай танилцах ажлын хэсгийн гишүүн Г.Ганболд,  Б.Бейсен, Н.Ганибал, Г.Дамдинням, байнгын хорооны мэргэжилтнүүд ХХААХҮЯ-нд ажиллалаа. Энэ үеэр мах бэлтгэл, нийлүүлэлт, экспортын талаар яамнаас баримталж буй бодлого, мах экспортлогчдод үзүүлж байгаа “Нэг цэг”-ийн үйлчилгээтэй танилцаж, аж ахуйн нэгжүүдийн зарим төлөөлөлтэй уулзан санал хүсэлтийг нь сонсов. Махны квоттой холбоотой асуудлыг жил бүрийн есдүгээр сард шийдэх саналыг  яамнаас стратегийн хүнсийг экспортлох, импортлох журамд оруулсныг ажлын хэсгийн гишүүд дэмжиж буйгаа илэрхийлсэн. Түүнчлэн гадаадад мах экспортлогч аж ахуйн нэгжүүдэд  “Нэг цэг”-ийн үйлчилгээ үзүүлж, цаг хугацаа, хөрөнгө, хүндрэл чирэгдлийг бууруулж байгааг сайшаав. Аж ахуйн нэгжийн төлөөллүүд бизнес эрхлэхэд үүсдэг хүндрэл бэрхшээл багасч байгааг онцоллоо. Мөн “Нэг цэг”-ийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн байгууллагын мах нийлүүлэлтийг энэ чиглэлээр дагнасан дотоодын компанитай уялдуулахад анхаарах санал тавив. Уулзалтаас гарсан санал, хүсэлтийг Байгаль  орчин, хүнс хөдөө, аж ахуйн байнгын хороо нэгтгээд, УИХ, Засгийн газарт танилцуулж холбогдох шийдвэр гаргах юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна