Тархины саажилт, тархины эмгэг өвчтэй эдгээр хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж, эрүүл мэндийн нөхцөл байдал, оношилгоо, эмчилгээний түвшинг сайжруулах нэн шаардлагатай байгаа талаар “Эрхэм нандин сувд”, "Итгэлийн мод", “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллага болон эцэг эхчүүд нэгдэн хүүхдүүдийнхээ хамт өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хөдөлмөр, Нийгмийн Хамгаалалын яамны мэдээллээр Монгол улсад хөгжлийн бэхшээлтэй 0-17 насны хүүхдүүд 2017 оны байдлаар 11453 хүүхэд, тэдгээрийн 63,4 хувь буюу 7260 хүүхэд хөдөлгөөн сэтгэц, хавсарсан бэрхшээлтэй байна. 2018 онд 11337 хүүхэд байна.
Хөгжлийн бэрхшээлтэй, тархины саажилттай хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлыг нэн яаралтай шийдэж, тоног төхөөрөмж, мэргэжлийн эмч нарыг авч ирэх шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон ЭМЯ-нд хүргүүлж буйгаар мэдээллийн үеэр хэлсэн юм.
Шаардлагаас онцлон харвал:
- Хөдөлгөөний болон оюуны хөгжлийн хавсарсан бэрхшээлтэй хүүхдүүдийг анхаарах
- Төрөөс хууль эрх зүйн орчинг бүрдүүлж өгөх
- Нийгмийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандах хандлагаа өөрчлөх
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жилд нэг удаа бүтэн оношилгоонд оруулж өгөх
- Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд мэдрэлийн нарийн мэргэжлийн эмч нарыг тогтвортой байлгаж, хүүхдүүдийг хяналтад оруулах
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үзүүлэхэд дараалал харгалзахгүй үзүүлдэг тогтолцоог бий болгох
- Таталт өгсөн хүүхдийн таталтыг зогсоогоод буцаах бус нарийн үзэж, оношийг тодруулж, бүрэн төгс эмчилдэг байх
- Хүүхдийн мэдрэлийн нарийн мэргэжлийн эмч нарыг сургаж, сүүлийн үеийн технологийг оруулж ирэх
- Нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудлыг шийдэж өгнө гэж найдаж буйгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүд хэлж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна