Эм үйлдвэрлэлийн “Pfizer” компани “Ковид-19”-ийн вакцины туршилт амжилттай болсныг мэдээллээ. Вакцин вирусээс 90 хувь хамгаалдаг болох нь туршилтын явцад нотлогдсон байна. Компанийн удирдлага туршилтын үр дүн цар тахлыг ялахад томоохон алхам боллоо хэмээн мэдэгдлээ.
Америкийн “Pfizer” болон тэдний хамрагч Германы “Bi-oNTech” компаниудын бүтээж байгаа “Ковид-19”-ийн вакцин олон нийтийн туршилтыг амжилттай давсан анхны тариа болж байна. Хоёр компанийн вакцин одоогоор хүний биед ямар нэг сөрөг нөлөө үзүүлээгүйг мэдээлэв.
“Pfizer” ба “BioNTech” АНУ-ын эрх баригчдаас энэ сард багтаан вакциныг онцгой нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл авахыг төлөвлөжээ. “Өнөөдөр шинжлэх ухаан болон хүн төрөлхтний хувьд агуу өдөр боллоо. Бидний гарган авсан “Ковид-19”-ийн вакцины гуравдугаар шатны туршилтын үр дүн цар тахлаас хамгаалах чадвартайг нотлов.
Дэлхий даяар халдвар авсан хүний тоо өсөж, эмнэлэг өвчтнөөр дүүрч, эдийн засаг сүйрч байхад вакцин гаргаж авах чухал үе таарлаа” хэмээн “Pfizer” компанийн тэргүүн Альберт Бурла онцлон тэмдэглэсэн байна.“Ковид-19”-ийн эсрэг “BNT162b2” вакцины эмнэлзүйн туршилтын гурав дахь үе шатанд хамрагдсан хүмүүсийн 90-ээс дээш хувьд нь үр дүнтэй байгаа нь харагдсан байна. Вакцины туршилтын гурав дахь үе шат долдугаар сарын 27-нд эхэлсэн.
Туршилтад 43.538 хүн оролцсон байна.Хэрэв вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгох юм бол эхний ээлжинд энэ онд багтааж 50 сая тун гаргана гэнэ. “Pfizer” компани ирэх жил 1.3 тэрбум тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Одоогоор вакцин “Ковид-19”-ээс хэдий хугацаанд хамгаалах нь тодорхойгүй байгаа.
Гэхдээ “BioNTech” компанийн гүйцэтгэх захирал Угур Сахин “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа вакцин хүнийг нэг жилийн хугацаанд вирусээс хамгаална гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна