Монгол Улсын Сүхбаатар, ОХУ-ын Наушки өртөөний хүчин чадлыг уялдуулан хөгжүүлэхээр тохиролцов
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын тээврийн ажлын хэсгийн хуралдаанаар ОХУ-ын төмөр замын Наушки, Монголын Сүхбаатар өртөөний хүчин чадлыг уялдуулан хөгжүүлэхээр тохиролцов.
Монгол-Оросын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын тээврийн ажлын хэсгийн XV хуралдаан энэ сарын 3-10-нд Улаанбаатарт болов. Хуралдаанаар өнгөрсөн жилийн зам, тээврийн салбарт хийсэн ажлаа дүгнэж, ирэх жил хэрэгжүүлэх ажлаа төлөвлөдөг.
Ирэх 12 дугаар сард цахим хэлбэрээр зохион байгуулах Монгол-Оросын Засгийн газрын хоорондын комиссын ээлжит хуралдааны өмнө болж буйгаараа энэ удаагийн ажлын хэсгийн хуралдаан онцлог байв. Энэ үеэр хоёр улсын төмөр зам, авто болон агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тодорхой алхам хэрэгжүүлэхээр тохиролцов.
ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ энэ үеэр “Өнгөрсөн хугацаанд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн үйл ажиллагаа өргөжиж, ачаа тээвэрлэлтийн тоо хэмжээ нэмэгдэн, өнгөрсөн онд 28,1 сая тоннд хүрсэн. Цаашид ч нэмэгдэх хандлагатай тул “УБТЗ” ХНН-ийн тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулж, их засвар хийх, хөдлөх бүрэлдэхүүний паркийг олшруулах шаардлагатай”-г илэрхийлэв.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д айлчлах үеэр Монгол Улсын ЗТХЯ, ОХУ-ын Тээврийн яам хооронд “Монгол Улсын иргэдийг төмөр замын мэргэжлээр суралцуулах тухай хэлэлцээр” байгуулсан нь Монголд хэрэгжих төмөр замын бүтээн байгуулалтад ач холбогдолтойг онцоллоо.
Авто тээврийн хувьд Монгол Улс, БНХАУ, ОХУ хооронд байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх Хамтарсан хорооны анхдугаар хуралдаан 2019 оны 6 дугаар сард БНХАУ-ын ӨМӨЗО-ы Манжуур хотноо болж гурван улсын хоорондын авто тээвэрлэлтийг эхлүүлжээ. Гурван улсын хамтарсан хурлыг энэ онд цахим хэлбэрээр хийхээр талууд санал солилцов.

Сэтгэгдэл бичигдээгүй байна