Словак улс хүн амаа бүхэлд нь коронавирусийн шинжилгээнд хамруулжээ
Админ
Өчигдөр 02 цаг 01 минут
Словак улс өнгөрсөн амралтын өдрүүдэд хүн амаа бүхэлд нь коронавирусийн шинжилгээнд хамруулах томоохон ажиллагааны хоёр дахь шатыг дуусгажээ. Шинжилгээний нэгдүгээр шатанд 5.4 сая иргэнийхээ гуравны хоёрыг, хоёрдугаар шатанд үлдсэн 1.9 сая иргэнээ хамруулсан байна.
Энэ шинжилгээгээр нийт хүн амынх нь 1.6 хувь нь коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ. Нийт хүн амынх нь 31 хувь нь халдвар авсан хөрш Чех улстай харьцуулахад энэ нь харьцангуй бага үзүүлэлт аж.
Уг ажиллагааг Батлан хамгаалахын сайд Ярослав Надын удирдлага дор эмнэлэг, цэрэг, цагдаа, гал сөнөөгчид болон сайн дурынхны тусламжтайгаар явуулжээ.
Богино хугацаанд нийт хүн амаа шинжилгээнд хамруулсан нь сайшаалтай боловч шүүмжлэх хүмүүс олон байжээ. Тухайлбал, Словакийн ерөнхийлөгч шинжилгээнд хамрагдахаас татгалзаж, иргэдийг хорио цээрийн дэглэмд оруулахыг шүүмжилж байгаа аж.
Түүнчлэн эсрэгтөрөгчийн түргэвчилсэн оношлуурын хариу богино хугацаанд гардаг ч уламжлалт PCR-ийн шинжилгээтэй адил өндөр нарийвчлалтай гарахгүй гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна. PCR нь үнийн хувьд өртөг өндөртэйгээс гадна хариу гарахад багагүй хугацаа шаарддаг шинжилгээ юм.
Бар-Иланы их сургуулийн тархвар судлал, халдварт өвчний чиглэлээр мэргэшсэн профессор Майкл Эдельштейн хүн амыг бүхэлд нь хамарсан шинжилгээгээр зарим чухал мэдээллийг цуглуулах боломжтой ч стратегийн аргачлалын хувьд асуудал дагуулж байгааг онцолжээ.
Дашрамд дурдахад, БНХАУ массыг хамарсан хамгийн олон хүний шинжилгээг хийж байсан билээ. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сард коронавирусийн халдварын голомт болох Ухань хотын 11 сая хүнийг 10 хоногийн дотор, Чиндао хотын 9 сая хүн амыг 5 хоногийн дотор шинжилгээнд хамруулж байв.

Сэтгэгдэл бичигдээгүй байна