Монгол Улсад 10 500 орчим төрийн албан хаагч цар тахлын голомтыг хумихаар ажиллаж буй бөгөөд хоёр ээлжээр ажиллах боломж байхгүйг өнөөдөр Засгийн газрын шийвэр танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэв.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацааг 14 хоногоор сунгасан. Энэхүү шийдвэрийг дэмжихийн зэрэгцээ төрийн албан хаагчдаа хүндэтгэхийг тэрээр мэдээлэлдээ уриалсан юм. Тэрбээр, "Одоогоор эрүүл мэнд, цагдаа, тагнуулын байгууллагын алба хаагчид 4200 орчим дам хавьтагч буюу халдвартай байж болзошгүй тохиолдлыг илрүүлээд байна. Ерөнхийдөө дам хавьтлын 89 орчим хувь. Хавьтлууд мэдээллээ нуусан зэрэг бусад асуудлыг судалж үзээд ДЭМБ болон манай эрдэмтэн судлаачдын зөвлөснөөр, хөдөлгөөнөө хязгаарлаж дам хавьтлыг дэлгэрүүлэхгүй байлгах өөр гарцгүй болсон. Өнөөдрийн байдлаар цар тахлын улмаас дэлхийд хамгийн бага хохирол амссан улсаар Монгол Улс хэвээрээ байна. Бидний хамтын ажиллагаа энэ амжилтад нөлөөлөх учраас иргэд зөвөөр ойгож, төрийн шийдвэрээ дэмжихийг хүсэж байна" хэмээсэн юм.
Тэрээр, алба хаагчдын урам зориг, ажиллах орчинд хөндлөнгөөс саад болохгүй байхыг хүсээд, алба хаагчдад сайхан сэтгэлтэй хандаж буй хүн олон байгааг сайшаав. "Дэлхий дахинд төрийн шийдвэрээ дэмжиж хамтран ажилласан улс орнууд цар тахлыг амжилттай давж байна. Нөгөөтэйгүүр эмх замбараагүй байдал үүсгэсэн улс орнуудад сөрөг үр дагавар авчирч буйг ТЕГ-ын мэдээнд дурдсан байна" хэмээн тодотгосон юм.
Ташрамд дурдахад, Бүх нийтийн бэлэн байдлын үед хөдөлгөөн хязгаарлах ажилд онцгой байдлын 229, цагдаа дотоодын цэргийн 2628, олон нийтийн цагдаа 100, мэргэжлийн хяналтын 308, ДХИС-ийн 2279 сонсогч нийт 5167 алба хаагч 263 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна