Ираны хотуудад хөл хорих цаг тогтооно
Коронавирусний тархалтын "улаан" бүсэд багтаж буй Ираны зарим хотод 11 дүгээр сарын 21-нээс эхлэн хот дотор хөдөлгөөн хийхийг хориглоно гэж тус улсын коронавурстэй тэмцэх үндэсний штаб мэдээлжээ.
Хөл хорих цаг хоёр долоо хоногийн турш өдөр бүр 21:00-04:00 цагийн хооронд мөрдөгдөнө. Үүнээс гадна, хувийн болон төрийн бүх байгууллагын ажлыг хязгаарлаж, хорио цээрийн дэглэм тогтоохоор болсон байна. Гэхдээ хүнсний дэлгүүр, эмнэлэг, эмийн сангууд хэвийн ажиллана.
Хоёр долоо хоногийн хугацаатай хязгаарлалтын арга хэмжээ нийслэл Техран хотыг оруулаад нийтдээ 150 орчим хотод хэрэгжинэ.
Цар тахал эцэс болох хүртэл хэрэгжих хязгаарлалтын тусгай тогтолцоог Иранд нэвтрүүлэх гэж байгааг тус улсын Ерөнхийлөгч Хассан Роухани бямба гарагт мэдэгджээ. Ираны коронавирустэй тэмцэх үндэсний штабын төлөөлөгч Алиреза Раисигийн хэлснээр, улаан, улбар шар, шар гэсэн гурван түвшний арга хэмжээ авах бөгөөд тухайн бүс нутгийн өвчлөлийн түвшнээс хамаарч ямар арга хэмжээ авахыг тодорхойлох аж. Үүнээс гадна 11 дүгээр сарын 18-наас эхлэн хуурай зам, агаарын болон далайн тээврийн хэрэгслээр зөвхөн коронавирусний шинжилгээний хариу нь сөрөг гарсан зорчигчдыг тээвэрлэнэ.
Сүүлийн үед Иранд халдварын тохиолдлын тоо нэмэгдэх хандлага ажиглагдаж эхэлжээ. Тус улсын эрх баригчид 10 дугаар сард дэгдсэн цар тахлын гурав дахь давлагаа эхэлснийг өмнө нь мэдэгдсэн юм. 11 дүгээр сарын 16-ны байдлаар Иранд халдвар авсан нийт хүний тоо 775121-д хүрч, 564699 өвчтөн эдгэрсэн бол 41989 хүн нас баржээ.

Сэтгэгдэл бичигдээгүй байна