АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден Цагаан ордныхоо хэд хэдэн өндөр албан тушаалтныг мягмар гарагт нэрлэсэн бол түүний коронавирустэй тэмцэх асуудал хариуцсан зөвлөхүүд Ерөнхийлөгч Дональд Трамп эрх мэдлээ албан ёсоор шилжүүлэн өгөх үйл явцыг хойшлуулж буй нь цар тахлын нөхцөл байдлыг улам дордуулж болзошгүйг анхааруулжээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Д.Трамп 11 дүгээр сарын 3-ны сонгуулийн дүнг урвуулах чиглэлд хүчин чармайлт гаргаж буй энэ үед Ардчилсан намаас нэр дэвшигч Ж.Байден ирэх нэгдүгээр сарын 20-ноос ерөнхийлөгчийн албыг хашиж эхлэхдээ бэлтгэж, зөвлөхүүдтэй уулзаж, коронавирусний халдвартай тэмцэх төлөвлөгөөгөө боловсруулж байгаа ажээ.
Ж.Байдены сонгуулийн кампанит ажлын багийн менежер Жен О'Мэлли Диллон Цагаан ордны тамгын газрын орлогч даргын албан тушаалыг хашихаар болжээ. Мөн Ж.Байдены зөвлөхөөр олон жил ажилласан Майк Донилон, Стив Риккети нар Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр ажиллана. Мөн Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхийн албыг түүний кампанит ажлын багийн хуульч Дана Ремус хаших ажээ. Ж.Байден ойрын зөвлөх Рон Клейнийг Цагаан ордны тамгын газрын даргаар хэдийн нэрлэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна