Ж.Энхбаяр: Дархан-Уул аймагт коронавирусийн 8 тохиолдол батлагдаж, 4 сэжигтэй тохиолдлыг тусгаарлав

Админ
2020/11/20

Дархан-Уул аймагт коронавирусийн нийт найман тохиолдол батлагдаж, дөрвөн хүнийг сэжиглэн тусгаарласан гэж Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр мэдээлэв: -Дархан-Уул аймагт төмөр зам дагасан, голомтот халдвар бий болсон. Өнгөрсөн сарын 30, энэ сарын 1-2-нд төмөр замын 445 хүн ажилчин Дарханд цуглан, спортын нэгдсэн тэмцээнд оролцсон. ХӨСҮТ-д Дарханаас дөрвөн хүнийг хүргэн эмчлүүлж байна. Өчигдөр дахин дөрвөн хүнийг Улаанбаатар руу эмчлүүлэхээр явуулна. Тэдний PCR шинжилгээ эерэг гарсан. Төмөр замын 1088 ажилчныг шинжилгээнд хамруулсан. Тэдний дөрөв нь сул эерэг буюу сэжигтэй тохиолдол байна. Тэднийг аймгийн Халдвар судлалын эмнэлэгт тусгаарлалаа. Одоогоор УБТЗ-ын нийт арван ажилтан сэжигтэй тохиолдолд тооцогдож байна. Цаашид төмөр замын ажилчдын гэр бүлийг, хөршүүдийг ч шинжилгээнд хамруулах шаардлагатай. Дарханд нийт арван мянга гаруй хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Хатуу хөл хорио үргэлжилнэ. Тусгаарлалт, эрт илрүүлгийн ажлаа бид үргэлжлүүлнэ гэв. Тэмцээнд оролцохоор Дархан-Уул аймаг руу явсан төмөр замын зарим ажилчин нийтийн галт тэргээр ирж очсон гэх мэдээлэл байгаа юм. Говьсүмбэр аймагт шинжилгээ авахад төмөр замын нэг ажилтны шинжилгээнд коронавирус илэрсэн талаар өчигдөр 11:00 цагийн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлаар мэдээлсэн. Тэрээр Дарханд болсон тэмцээнд оролцоод ирсэн аж. Аймгийн Засаг даргын тамгын газраас "Төмөр замын ажилтнаас виурс илэрсэн талаарх ЭМЯ-ны мэдээллийн дагуу түргэвчилсэн оношилгоо хийсэн. Чойр өртөөний ажилчдын дунд хийсэн шинжилгээгээр хоёр хүний шинжилгээ эерэг гарсан тул тусгаарласан. Тэр хүмүүсийн ойр орчмын хүмүүсийг хяналтад бүрэн авч, тэднийг гэрт нь тусгаарласан. Цаашдаа төмөр замын ажилчдын шинжилгээний хариу гарна. Тандалт судалгаа явагдаж байгаа." гэсэн юм. Мөн Улаанбаатар өртөөний (вокзалд байрладаг) нэг ажилтнаас мөн халдвар илрээд байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна