БШУЯ: Дотуур байранд амьдарч буй оюутнуудтай холбоотой хүндрэл гараагүй

Админ
2020/11/20

БШУЯ-наас Гамшаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд боловсрол, шинжлэх ухааны салбарт авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулж байна. Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд боловсрол, шинжлэх ухааны салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг https://www.meds.gov.mn/?cat=208 холбоосоор өдөр тутам хүргэж буй юм. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг теле болон цахим хэлбэрээр тасралтгүй зохион байгуулж байна. Эрсдэлт бүлгийн болон хоол хүнсний дэмжлэг шаардлагатай өрхийн хүүхдэд тусламж үзүүлэх зорилгоор “Foodbank” сайн дурын ажлыг орон нутгуудад эхлүүлж хүнсний дэлгүүр, төрийн бус байгууллага, иргэдээс цугласан хүнсийг аймаг, сумдын онцгой комисстой хамтран хүргэх ажлыг эхлүүлсэн байна. 2020 оны 11 дүгээр сарын 17-ны 13:00 цагийн байдлаар 21 аймаг, нийслэлийн хэмжээнд 50 дотуур байранд 772 хүүхэд үлдсэн. 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улсын Онцгой комисс, Монгол Улсын Засгийн газар хуралдаж хөл хорионы хугацааг 14 хоног буюу 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгасантай холбогдуулан дотуур байрны 1474 хүүхдийг эцэг эхчүүдэд нь хүлээлгэн өгөх ажлыг Боловсрол, соёл урлагийн газраас Аймгийн Онцгой комисстой хамтран зохион байгуулсан байна. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн нийт ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 21992 албан хаагчаас 2020 оны 11 дүгээр сарын 8-наас хойш мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсан эрсдэлтэй газраар зорчсон үйлчлүүлсэн эсэх талаар асуумжийг авч нэгтгэж байна. Орон нутгийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиас Улаанбаатар хотод зорчсон багш ажилчдаас дээрх асуумжийг авч, УОК-т мэдээлсэн байна.
2020 оны 11 сарын 14-ний өдрийн шинэчилсэн судалгаагаар улсын хэмжээнд нийт 71 оюутны дотуур байранд 11359 оюутан амьдарч байна. Эдгээрээс төрийн өмчийн сургуулиудын 42 дотуур байранд 8676 оюутан, хувийн өмчийн сургуулийн 29 дотуур байранд 2683 оюутан суралцагч байна. Холбогдох байгууллагын гаргасан дэглэмийг баримталж байна. 2020 оны 11 дүгээр сарын 18-ны 18:00 цагийн байдлаар оюутны дотуур байранд амьдарч буй оюутнуудтай холбоотой ямар нэгэн хүндрэлтэй байдал үүссэн тухай мэдээлэл ирээгүй байна.
МУБИС-ийн оюутны 2 дугаар байранд амьдарч буй бүх оюутан шинжилгээнд хамрагдсан. Хамрагдсан бүх оюутны хариу “сөрөг” гарчээ. Эрдэм шинжилгээний бүх ажилтан онцгой байдлын горимд шилжиж гэрээс онлайн хэлбэрээр ажиллаж байна. Шинжлэх ухааны хүрээлэнгүүдэд зайлшгүй шаардлагаар очиж ажиллах хүмүүсийн жагсаалтыг хүрээлэн тус бүрээр гарган, захирлын тушаалаар баталгаажуулах, ажлын байранд 2 цагаас дээш хугацаагаар ажиллуулахгүй байх зэрэг шаардлага тавьж байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна