“Энхсаран” сувилалд тусгаарлалтад байсан иргэн Д-ээс анх Сovid-19 илэрснээс хойш найм хоногийн хугацаанд халдварын тохиолдлууд хоногтоо л гуч, дөчөөрөө нэмэгдэж, Улаанбаатар төдийгүй улс даяараа хөл хорионд шилжсэн. Энэ үеийг хэрхэн давах эрсдэлийн үеийн стратеги байхгүй, улс, хотын Онцгой комиссынхон, сайд, дарга нар маань ажил хийсэндээ ялархсан, гомдсон, ядарсан хүмүүс болж хувирлаа. Уг нь “Хүчээ нэгтгээд хөгжинө” гэж амалсан нь аль намынхан билээ.
Ердөө сарын өмнө, нийслэлийн Засаг даргаар томилогдохдоо “Миний туршлага, хувь хүний ёс суртахуун зэргийг харгалзан үзсэн байх” гэж хэвлэлийнхэнд мэдээлж суусан Улаанбаатар хотын захирагч Д Сумъяабазар ямар ч менежментгүй, ядахнаа л туршлагагүй болохоо харуулав. Онцгой байдлын үед нойр хоолгүй зүтгэх нь хотын даргын ажил, ямбыг нь эдэлж буйн хувьд ялыг нь давхар үүрэх ёстой юм. Ямар сайндаа л хөл хорионд уйдсан олон нийт нийгмийн сүлжээнд “Дархан хотын даргыг Улаанбаатарт бартердъя” гэж хошигнож байх вэ.
Улаанбаатар хот нэг сая гаруй хүн амтай гэвэл, 12 сая хүн амтай Ухань хотоос даруй 10 дахин бага гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэг сая хүн амтай Улаанбаатар хотын хүнс, хөдөлгөөнийг шийдэхэд илүү хялбар, хэрэвзээ Нийслэлийн онцгой комисст эрсдэлийн үеийн стратеги, зохион байгуулалт байсан бол шүү дээ. Тэгээд ч МАН-ынхан Улаанбаатарт “шинэ” хүмүүс биш, 27 жил хотыг удирдаж байна.
Covid-19 голомтлон тархаж байгаа учир Улаанбаатар болон хэд хэдэн аймаг, хотод хөл хорио тогтоосон. Гэтэл хотын шинэ даргын эргэж, буцсан шийдвэрүүд хөл хорионоос илүүтэй иргэдийг бухимдуулж буйн нэг нь “….Хүнсний үйлдвэрлэл, худалдаа (хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл) эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагууд бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлтийг шөнийн 22:00-06:00 цагийн хооронд зохион байгуулж ажилласугай” гэх хотын даргын захирамж. Үлгэрт гардаг шиг өдөр ч биш шөнө ч биш цагаар, замтай ч биш замгүй ч биш газраар гэдэг шиг л юм болж байна.
Өдөр эм, хүнс зөөхөөр халдвар тархдаг, шөнө болохоор Сovid-19 халдварладаггүй гэх “мэргэн” аргын хотын даргад хэн шивнэчихэв ээ. Энэ мэт шог, иргэдээ чирэгдүүлсэн шийдвэр нь нөөцийн махны худалдаа байв. ЭМЯ нь олон хүн битгий бөөгнөрүүл гэсээр байхад нөөцийн махны худалдаа зохион байгуулж, иргэд нь юун нэг метр зай барих. Д.Нямхүү эмчийн хэлснээр ёстой л “коронавируc нь хоорондоо ярилцах нь бүү хэлтэврэлдэх нь холгүй” л харагдана лээ.
"Өвчин хэлж биш хийсч ирдэг гэдэг. Гэхдээ Сovid-19 монголчуудад хэлсээр, арван сар анхааруулсаар байгаад нэг л өдөр төмөр замаар “тээвэрлэгдээд” ороод ирлээ. Төмөр зам дагасан том голомт хэдийнэ үүсчихсэн байна, аль эрт аравдугаар сард.
Манайхан л болсон хойно “Дайсан урдаас танкаар биш хойноос вирусээр, нарийн царигаар биш өргөн царигаар ороод ирлээ” гээд Ерөнхийлөгчөө даажигнаж сууна. Хятад руу экспортын төмөр замаа тавьсан бол Гашуунсухайтаар хятад иргэн биш, хятад юань орж ирэх ёстой байсан. Хэрэвзээ хэн нэгэн сайн эр Тавантолгой төслийг гацаагаагүй бол урдаас орж ирэх юаниар Ерөнхийлөгчийн санал болгосон сая төгрөгийг өрт бүрт өгөх боломжтой байлаа.
Өрх бүрт нэг сая төгрөг тараахад нийтдээ 900 тэрбум төгрөг хэрэгтэй, ирэх 2021 оны төсвийн орлого 11 их наяд 797 тэрбум төгрөг гэвэл арав хуваасны нэгийг нь нэг удаадаа тараачихлаа гэхэд цаашдаа хүүхдийн мөнгө, цалин тэтгэмжээ яаж тавих нь асуудал юм. Өрх бүрт нэг сая төгрөг тараахаас илүүтэй 60 мянган татвар төлөгч компаниа “амьд” авч үлдэх нь төрийн нэгд тавих бодлого байх учиртай. Ерөнхийлөгчийн хувьд “буцах бэрд үнээ тугал нийлэх” хамаагүй байх л даа.
Гэвч Италийн Ерөнхий сайдын хэлж байсанчлан “Вирусийн улмаас нэг ч хүний цалин, орлого тасалдах учиргүй. Нэг ч хүн ажлын байраа алдах ёсгүй” л юм. Үүний тулд хүнгүй шахам болсон хөдөө 27 соёлын төв барих шаардлага байхгүй гэсэн үг. Доод тал нь 50 сая, дээд тал нь 2 тэрбумаар хөдөөгийн соёлын төвүүдийг шинэчлэх цаг биш. Тэр мөнгөө хувийн хэвшил рүүгээ оруулах ёстой. Монгол Улсын төсвийн алдагдал энэ оны эцэст 4.8 их наяд төгрөг хүрэхээр байгааг өнгөрсөн аравдугаар сард тооцсон, одоо энэ алдагдал бүр ч илүү өсөх биз. Тэгэхээр Ерөнхийлөгч нь ч, Ерөнхий сайд нь ч эдийн засгаа улстөржүүлэх хэрэггүй.
Үнэндээ ЗГХЭГ-ын даргын өвөөгийнхөө буурин дээр барьж байгаа Андлалын хөшөөг үзэхээр 400 сая жуулчин ойрын хоёр жилдээ лав ирэхгүй. Үүний оронд Алтанбулант тусгаарлах байр, эмчлэх эмнэлэгтэй нь хамт барьсан бол ёстой л өөрсдийнх нь хэлдгээр эх оронч шийдвэр болох байв. Монгол Улс хэзээ хилээ нээх нь тодорхойгүй байгаа нөхцөлд энэ мэт хэрэггүй зардлаа танахаас Ерөнхий сайд ажлаа эхлэх ёстой юм.
Өнгөрсөн гурван сард М.Энхсайханыг “Коронавирусийг зөвхөн өвчин гэж хараад, эдийн засаг гэж үнэлэхгүй байгаа нь манайхны гол буруу” гэж анхааруулж, “Эрүүл мэндээ хамгаалах бодлого, эдийн засгийн бодлого хоёр бие биенээ дэмжсэн байх шаардлагатай. Цалин авч байгаа хүн цахилгаан дулааныхаа мөнгийг төлж таарна. Цахилгаан дулааныхаа мөнгийг төлнө гэдэг чинь цахилгаан станцаа унагаахгүй гэсэн үг. Цалин авч байгаа хүн эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт хандана. Тэгэхээр эмнэлгүүдээ хамгаална гэсэн үг. Хүнсээ авч таарна, тэгвэл хүнсний үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрүүдээ хамгаална. Цалин орлогоо баталгаатай хамгаалж чадвал үр хүүхдэдээ, сургууль, боловсролд нь мөнгө зарцуулж таарна. Тэгвэл сургууль, боловсролын байгууллагуудаа хамгаалж чадна. Тийм учраас цалин, орлогыг зайлшгүй хамгаалах ёстой” гэж санаа өгөөд байхад л хэн хэн нь авч хэлэлцээгүй, бүр хилс хэрэг тохоод шоронд суулгачихсан.
Одоо Монголд сайн бөх биш сайн менежер хэрэгтэй байна. Орон нутгийн сонгуулиар олон аймаг, сум бөхөөр удирдуулах болсон. Гэвч бөх бол төр биш болохыг Ерөнхийлөгч болон хотын даргын үг, үйлдлээс харсан байлгүй, сонгогчид.
Эх сурвалж: news.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна