Коронавирус өнгөрсөн 11 сарын турш дэлхий нийтийг зочоож, олон зуун мянган хүний амийг авч одсон. Харин энэхүү аймшигтай вирусыг Монголчууд бид манай улсад орж ирж чадахгүй юм шиг л 10 сар өөрсдийгөө хамгаалж Л.Оюун-Эрдэнэ сайдын хэллэгээр бол амжилтаа гайхалтай хамгаалж тэргүүн байранд оронгоо алдав. Гэтэл Ковид биднийг тойроод биш дайраад ороод ирлээ. Манай улс ч бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, иргэд нь төр засгаа, төр засаг нь ковидын мэдээг хүлээдэг болов. Харин энэ үеэр УИХ-ын гишүүд маань ямар ажил хийж, юу ярьсан талаарх мэдээллийг эерэг сөрөг гэж ангилан хүргэе.
Эерэг үнэлгээтэй улс төрчид
1. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
Тэрээр Баянгол дүүргээс сонгогдсон гишүүн, Оргил сүлжээ дэлгүүрийн эзэн, Энкантогийн эзэн гэх мэт нийлээд хөрөнгө чинээтэй парламентийн гишүүн. Тэрээр энэ цаг үед дуугүй суусангүй. Ёстой л хэрэндээ хичээж дүүргийнхээ тусгай чиг үүргийн байгууллагуудад чадах чинээгээрээ тусламж үзүүлжээ. Үүнд түүнийг сонгосон Баянгол дүүргийн иргэд таатай байна.
2. УИХ-ын гишүүн Д.Ганбат
УИХ-ын гишүүн Ганбат энэ удаагийн парламентд сөрөг хүчний ажлаа маш сайн хийж байгаа гишүүдийн нэг. Тэрээр ковидоор далимдуулж улс төр хийхийг хүссэнгүй. Харин алдаа дутагдалтай ажилласандаа хүлцэл өчиж, ковидыг хамтдаа давж гарахыг иргэд сонгогчдоосоо уриалжээ. Ингэснээр түүний тойргийн иргэд түүнийг үнэлэх үнэлэмж нэмэгдсэн байна.
3. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан
УИХ-д шинээр сонгогдсон залуусын нэг тэрээр Баянзүрх дүүргийг маш сайн мэддэг, Баянзүрхийн иргэдтэй хамгийн ойр ажиллаж чадна гэж сурталчилгааны үеэр хэлж байсан цаг саяхан. Тэрээр ковидын үед ч бусад гишүүд шигээ зүгээр суусангүй. Харин Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай амны хаалт, комбинзон гэх мэт зүйлсийг хандивлажээ. Үүгээр ч зогсохгүй хотоос алслагдсан газар амьдарч байгаа дүүргийнхээ иргэдийг хүнсний хангамж, сайжруулсан түлш зэрэг амьдрал амьжиргаанд нь шаардлагатай зүйлсээр тус дэм болж явна. Үүнд нь Баянзүрх дүүргийн иргэд ам сайтай байгаа бөгөөд Баянзүрх дүүрэг ёстой л эзэнтэй мэт болжээ гэх мэт сайн үгсийг хэлж байгаа бололтой.
4. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа

Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, сангийн дэд сайд асан Х.Булгантуяа гишүүн ёстой л дүүрэгт нь ковидын халдвар дэгдэхэд иргэдээс чадах чинээгээрээ тусламж цуглуулж, хэрэндээ л хичээж яваа сурагтай. Тэрээр УИХ-ын цахим чуулганд 2-р эмнэлэгийн үүднээс оролцож бодит байдлыг хэлснээр иргэд сонгогчид нь түүнд онц үнэлгээг өгөв.
5. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
Чингэлтэй дүүргээс сонгогдсон, сэтгүүлч мэргэжилтэй тэрээр дүүргийнхээ амьжиргааны түвшин доор өрх айлуудад тусламж дэмжлэг үзүүлж яваа гэнэ. Чингэлтэй дүүргийн хувьд гэр хороолол ихтэй учраас гэртээ суугаад байлгүй иргэддээ тусалж хамтын хүчээр ковидыг давж гарах ёстой гэсэн байр суурьтай байгаа сурагтай. Ямартай ч түүний хийсэн ажлыг Чингэлтэй дүүргийн иргэд сонгогчид үнэлж "Бусдыгаа бодвол бидэнтэйгээ ойрхон нь сайхан юм" гэх мессежийг хөврүүлж байгаа гэнэ.
Сөрөг
1. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
Булган аймгаас сонгогдсон гишүүн УИХ түүхэндээ анх удаа цахимаар хуралдаж, төсвөө батлах үед доогуураа нүцгэн "Бандага"-аа гаргаж боссон нь олны дургүйцлийг төрүүлэв. Үүгээр ч зогсохгүй цахим чуулганд айраг ууж оролцсон явдалд нийт Монголчууд дургүй байна. Учир нь иргэд "Монгол Улсын Төсвийг бандааштай нөхөр, айраг ууж байхдаа батлах юм бол бид чинь яаж хөгжих билээ" гэжээ.
2. УИХ-ын гишүүн Г.Дамдинням
Дарханаас сонгогдсон, Кембриджийн боловсрол ярьдаг Канад улсад сурсан боловсролтой залуу Г.Дамдинням цар тахлын хүнд хэцүү цагт тусгай чиг үүргийн байгууллагууд өөрт нь шаардлага тавьсаны төлөө "Хууль зүйн сайдад хов зөөсөн" гэх шалтгаанаар түүний рейтинг унажээ. Иргэд үүнийг нь УИХ-ын гишүүн гэхээрээ алдартай од байх албагүй, Өөрийгөө таниулах гэж попорлоо гэх мэт дандаа сөрөг сэтгэгдлээр хариулт өгсөн байна.
3. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Цахим чуулганы үеэр олон нийтэд архи зарахыг уриалжээ. Тэрээр Архийг хорьсноос болж иргэд их стрессэнд орж байгаа. Архи хорьсноос болж гэр бүл үр хүүхэд рүү гээ хуурай агсам тавьж байна. Үүнээс урьдчилан сэргийлэх дорвитой арга хэмжээ авч өгөхийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаас хүсье” гэж хэлсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргэв.
4. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг
Сүхбаатар дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүн Ц.Мөнхцэцэгийг иргэд төдийлэн мэдэхгүй. Гэсэн хэдий ч гишүүн л бол гишүүнээс хойно тэрээр цахим чуулганд царайгаа гаргахгүйгээр зургаа тавьж орхисон явдал нь олон нийтийн дургүйцлийг хүргэв. Өөрөө ч энэ талаараа мэдээлэл өгч цахимаар баахан гөвүүлснээс болж өөрийн жиргээ хаягаа устгахад хүржээ. Үүнд нь иргэд түүнд муу дүн тавиад байна
5. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг
Баянгол дүүрэгт Монгол Ардын Намаас нэр дэвшиж ялалт байгуулсан тэрээр Монгол Ардын Намын залуу боловсон хүчний тоонд зүй ёсоор нэрлэгддэг нэгэн болсон. Гэсэн хэдий ч Монголчуудыг коронавирусын цар тахал нөмөрсөн энэ үед Netflix үзэж амарна гэж жиргэснээс нь болж иргэд түүнд ууртай байна. Учир нь Баянгол дүүргийн иргэдийн дийлэнх нь гэр хорооллын иргэд байдаг ба цар тахлын энэ хүнд үед иргэдээ анхаарахгүй юун кино үзэж гэртээ хэвтэх вэ гэх мэт маш сөрөг сэтгэгдлүүдийг иргэдээс авчээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна