Д.Нарантуяа: Орон нутгийн бүх эмнэлэг коронавирустэй өвчтөн хүлээн авах бэлтгэлээ хангасан

Админ
2020/11/22

УОК-ын шуурхай ажлын багийн ээлжит хэвлэлийн бага хурал боллоо. Хуралдааны дараа Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нарантуяа, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Орон нутгаас Улаанбаатарт ирээд гацсан иргэдийг шинжилгээнд хамруулаад, нарийн зохион байгуулалттайгаар буцаах боломж байна уу?

Д.Нарантуяа: Хотод гацсан хүмүүсээс 119, 1800-0119 дугаарын утасаар цаг товлоод, 18 цэгт шинжилгээ авч байгаа. Ялангуяа оюутнуудыг аймаг аймагт нь хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Ц.Ганзориг: Орон нутгийн иргдийг гаргах талаар ажлын баг ажиллаж байгаа. Тодорхой он, сар өдөр нь тодорхой болохоор нийтэд мэдээлнэ.

Ж.Сандагсүрэн: Бидэнд орон нутгийн иргэдтэй холбоотой өргөдөл их ирж байгаа. Бид нар ажлуудаа эрэмбэлэж байна. Хөдөө орон нутгийн иргэдээс шинжилгээ өгөөд гаргах боломж бүрдсэн. Түргэн оношлуур болон PCR шинжилгээ хийх боломж байгаа. Харин хөдөө орон нутагт хэр хугацаанд байлгах талаар УОК ярилцаж байгаа.

-ХӨСҮТ-ийн ачаалал ямар байна вэ. Цаашдаа халдвар авсан хүний тоо нэмэгдвэл ХӨСҮТ ачааллаа дийлэх үү?

Д.Нарантуяа: ХӨСҮТ-д 400 ор бий. Ачааллаа дийлэхээ болиод эхэлбэл Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг бий. Мөн төрийн 17 эмнэлэг, хөдөө орон нутгийн бүх эмнэлэг коронавирустэй өвчтөн хүлээн авах бэлтгэлээ хангасан байгаа. Түүнчлэн хүн амын дунд коронавирус тархахад хэдэн ор шаардлагатай байхаас эхлээд эмч нарын хүрэлцээ зэрэг бүх зүйлсийн судалгааг гаргасан.

-Улс орнууд цар тахлаас сэргийлэхийн тулд технологийн дэвшлийг ашиглаж байгаа. Тухайлбал, БНСУ иргэдийнхээ гар утасанд хаана хаана халдвар гарсан тухай мэдээллийг өгөөд, тухайн газраар зорчсон бол шинжилгээ өгөхийг сануулдаг болсон. Манай улс энэ чиглэлд хэрхэн ажиллаж байна вэ?

Д.Нарантуяа: Технологийн дэвшлийг ашиглахыг бид зорьж байна. Энэ хүрээнд 119 гэсэн аппликейшн ашиглалтад оруулсан. Үүнтэй ижил гар утасны аппликейшн хийхээр төлөвлөж байгаа.

Ц.Ганзориг: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, УОК-оос IT-д суурилсан шийдэл боловсруулж байгаа. Одоогоор 4 хувилбар хөгжүүлж байгаа бөгөөд ирэх долоо хоногт шалгаад, олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байна.

-Хил дээр ирчихсэн тээврийн автомашинуудыг ариутгаад оруулж ирэх боломж байгаа юу?

Ц.Ганзориг: Алтанбулаг боомт дээр одоогоор 30 автомашин байгаа. Тодорхой шийдэл гарсан тохиолдолд олон нийтэд мэдээлнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна