З.Мэндсайхан: Экспортод гаргах 10 мянган тонн махыг бэлтгэсэн
Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар гаргасан шийдвэрийг Засгийн газрын гишүүд болон холбогдох албаныхан нийтэд танилцууллаа. Мэдээллийн үеэр Шадар сайд Я.Содбаатар, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн, ЗТХ-ийн сайд Л.Халтар, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Зургаан аймгаас 5.2 сая мал экспортод гаргах талаар ярьж байсан. Энэ ажил коронавирусний улмаас зогссон. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
З.Мэндсайхан: Өвөлжилт хүндэрсэн 6 аймгийн 5.2 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг Засгийн газар ярьсан. Бог малыг экспортод гаргахад дулааны аргаар боловсруулж гаргадаг. Монгол Улсад дулааны аргаар мах боловсруулдаг 15 үйлдвэр байдгаас 14 нь манай яамтай гэрээ байгуулаад ажиллаж байгаа. Одоогоор 10 мянган тонн махыг бэлтгэсэн.
-Цар тахлын үед орон гэргүй иргэдийг орон байр, хоол хүнсээр хангана гэж Засгийн газрын чиг үүрэгт заасан байна. Энэ заалтыг хэрхэн хэрэгжүүлж байна вэ?
Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага орон гэргүй 584 хүнийг цуглуулж, улмаар коронавирусний шинжилгээнд хамруулсан бөгөөд бүх хариу сөрөг гарсан. Ингээд Улаанбаатар хотод байдаг халамжийн төвүүдэд хуваан байршуулсан.
-Хорих ангид байгаа ял эдэлж байгаа иргэдийн эрүүл мэндийг хэрхэн хамгаалж байна вэ?
Х.Нямбаатар: Бүх нийтийн бэлэн байдалд шижлсэнтэй холбогдуулан хорих ангид эргэлт оруулахыг хориглосон. Улсын хэмжээнд ял эдэлж байгаа, түр саатуулагдсан 6000 гаруй иргэн бий. Бүх нийтийн бэлэн байдал дуусмагч эргэлтийг хэвийн горимд оруулна.
-Арилжааны банкуудад зээл хойшлуулах хүсэлт тавихад зээлийн хүүгээ төл гэсэн шаардлага тавьж байгаа талаар иргэдээс гомдол ирж байна?
Я.Содбаатар: Зээлийн асуудлыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр маргааш дээрх хоёр байгууллагын удирдлагуудаар хэвлэлийн хурал хийлгэж, нийтэд бодит мэдээлэл хүргүүлэх нь зөв.
-Оюутнуудын сургалтын төлбөрт өөрчлөлт орох уу. Боловсролын зээлийн сангаас энэ жил хэдэн оюутанд зээл олгосон бэ?
Л.Цэдэвсүрэн: Одоогоор оюутны төлбөрт ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Боловсролын зээлийн сангаас оюутнуудад зээл олгох тухай Сангийн сайдтай хамтарсан тушаалын төсөл бэлэн болсон. Баталгаажуулах хугацаа дөхөж байна. 2020-2021 оны хичээлийн жил 7 тэрбум төгрөгийн зээл олгох бөгөөд ямар оюутанд зээл олгохыг тодорхойлсон Засгийн газрын журмын дагуу асуудлыг шийднэ.
-Хувийн сургууль, цэцэрлэгүүдийн төлбөрийг хойшлуулах уу?
Л.Цэдэвсүрэн: Хувийн сургуулиудын төлбөрийг тухайн сурагчийн аав ээж, сургуулийн удирдлагуудын байгуулсан гэрээгээр зохицуулдаг. Танхимын сургалтыг цахим орчинд шилжсэн ч сургуулийн ажил хэвийн яваад, амрах хугацаандаа амрана. Тиймээс бид төлбөрийг нь буцааж өг гэсэн үүрэг өгөх эрх яаманд байхгүй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна