Д.Нарангэрэл: Сэлэнгэ аймагт коронавирусний тусгай эмчилгээний тасаг нээж байна

Админ
2020/11/28

ЭМЯ-ны 11.00 цагийн ээлжит хэвлэлийн хурлын дараа ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын  хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариулав. -Улсаас шаардлагатай төсвийг гаргаад нийт иргэнээ шинжилгээнд хамруулах боломж бий юу? Д.Нарангэрэл: ДЭМБ болон бусад орнууд цар тахлыг зөөвөрлөсөн, хүн амын дунд алаг цоог тархсан, кластер, бүх нийтийн дунд тархах зэргээр ангилж байгаа. Монгол Улсын хувьд хүн амын дунд алаг цоог гарсан ангилалд байгаа. Алаг цоог байгаа үед дэлхий нийт голомтот болон эрсдэлт бүлгийнхээ хүнийг олж шинжилгээнд хамруулдаг. Нийт хүн амыг шинжилгээнд хамруулах нь хүн хүч, зардал шаардана. Гэхдээ бид бүх нийтийг шинжилгээнд хамруулж болно. Ер нь бол бид дэлхий нийттэй хөл нийлүүлж явна. Цар тахлыг хохирол багатай туулж буй орууд ч дэлхий нийтэд шалгарсан үр дүнтэй аргуудыг хэрэглэж байгаа юм. -Улсын хэмжээнд батлагдсан тохиолдлуудыг зөвхөн Улаанбаатар хотод эмчилж байгаа. Хөдөө орон нутагт эмчлэх боломж байхгүй юм уу? Д.Нарангэрэл: Анх цар тахал зөөвөрлөгдөж байх үед бүх тохиолдлыг нийслэлд эмчилж байсан. Цлаг цоог гарч эхлэх үед ХӨСҮТ-д төвлөрүүлж байсан. Гэхдээ улсын хэмжээнд 5 голомт байгаа тул аймаг, орон нутагт нь эмчлэхээр ЭМЯ ажиллаж байгаа. Тухайлбал, Сэлэнгэ аймагт коронавирусний тусгай эмчилгээний тасаг нээж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна