Ираны цөмийн технологийн тэргүүлэх эрдэмтэнг хөнөөжээ
Иранын цөмийн технологийн тэргүүлэх эрдэмтэн Мохсен Фахризаде нийслэл Техран хотын ойролцоо алагдсаныг тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдэгдлээ.
Фахризаде Техран хотоос холгүй орших Абсард хотод дайралтад өртсөн бөгөөд эмнэлэгт амьсгал хураасан байна. Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф аллагыг "төрийн эсрэг алан хядлагын үйл ажиллагаа" хэмээв.
Барууны улс орнууд Фахризадег Ираны цөмийн зэвсгийн нууц хөтөлбөрийн ард байсан гэж үздэг бөгөөд "Хэзээ нэгэн цагт Фахризаде Ираны цөмийн зэвсгийн эцэг гэгдэх болно" гэж 2014 онд барууны нэгэн дипломат хэлсэн удаатай.
Аллагын улмаас Иран цөмийн зэвсгийн түүхий эд болсон уран олборлох явцаа хурдасгаж магадгүй аж. Өмнө нь 2010-2012 оны хооронд Ираны цөмийн технологийн дөрвөн эрдэмтэн алагдаж байсан ба аллагад Израилыг буруутгасан юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна