Согтууруулах ундаа хүний дархлааг сулруулдаг
ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар хариуллаа.
-ДЭМБ-аас иргэдийг томуугийн вакцинд хамрагдах зөвлөмж өгч байгаа. Томуугийн улирлын вакцинд хамрагдсанаар коронавирусээр хөнгөн өвддөг гэсэн судалгаа байна. Томуугийн вакцинд манай улс иргэдээ хэрхэн хамруулсан бэ?
-Манай улс есдүгээр сарын сүүлээс эхэлж 10 дугаар сарыг дуустал улсын хэмжээнд иргэдээ улирлын томуугийн вакцинд хамруулсан. Засгийн газар, ДЭМБ-ын дэмжлэгтэй нийт 525 мянган хүний вакцины тун авч эрсдэлт бүлэг буюу жирэмсэн эмэгтэй, өндөр настан, архаг хууч өвчтэй хүн, эмч, эмнэлгийн ажилчин, онцгой байлын алба хаагчдыг хамруулж дархлаажуулсан. Иргэд сайн дураараа ч хамрагдсан. Энэ вакцин коронавирусээс хамгаалж чадахгүй ч хүндрэлээс сэргийлэхэд ач холбогдолтой гэдгийг олон эрдэмтэн судлаач зөвлөж байсан. Тиймээс өмнөх жилүүдээс 2-3 дахин их хүнийг хамруулж чадсан.
-Орон нутагт илэрсэн халдвартай хүнийг Улаанбаатар хотод төвлөрүүлж эмчилж байна. Тухайн орон нутагтаа эмчлүүлэх боломж бүрдүүлсэн үү?
-Аймаг, орон нутагч өвчлөл анх гарч байх үед ХӨСҮТ-д тээвэрлэн авчраад эмчилж байсан. Өвчлөлийн голомт нэмэгдэж байгаа тул Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн халдвартын эмнэлгийг халдвар хамгааллын дэглэмд бэлтгэж тэндээ эмчлэх арга хэмжээ авч байна.
-Архангайд илэрсэн тохиолдлыг Улаанбаатар хотоос яагаад гаргасан бэ. Хяналт шалгалтын пост хайхрамжгүй хандсан уу?
-Тухайн батлагдсан тохиолдол нь хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж байсан. Тухайн үед онцгой комиссын шийдвэрээр хүнсний машин явуулж байсан тул постоор зохих шалгалты хийсэн.
-Иргэд архи, согтууруулах ундааг борлуулах хэрэгтэй гэсэн санал гаргаж байгаа. Эрүүл мэндийн байгууллага ямар байр суурьтай байна вэ?
-Мэдээж дархлаа муутай хүн халдвар авбал хүндээр тусна. Агаар дуслын замаар халдварладаг тул амны хаалт зүүгээгүй дархлаатай хүн ч халдвар авна. Гэхдээ биеийн эсэргүүцэл, дархлаа сайтай бол хүндрэхгүй богино хугацаанд эмчлэгдэнэ. Архи, согтууруулах ундаа нь хүний дархлааг сулруулдаг тул халдвараар өвчилж амь нас эрсдэх аюултай. Тамхи татдаг хүнд ч ялгаагүй. Тиймээс залуусыг архи, тамхинаас татгалзах нь халдвараас сэргийлэх хамгийн чухал арга хэмжээ гэдгийг уриалж байгаа.

Сэтгэгдэл бичигдээгүй байна