Америкчууд “Хар баасан гараг”-т цахимаар 9 тэрбум ам.долларын худалдан авалт хийжээ

Админ
2020/12/01

Коронавирусын цар тахал дэгдээд буй энэ үед АНУ-ын иргэд “Хар баасан гараг” буюу онцгой хямдралын өдөр онлайн худалдан авалтад 9 тэрбум ам.доллар зарцуулсан нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Энэ тухай “Associated Press” агентлаг АНУ-ын жижиглэн худалдааны хамгийн том 100 сүлжээ дэлгүүрийн 80-ынх нь мэдээлэлд дүн шинжилгээ хийдэг “Adobe Analytics” төвийн статистик мэдээллээс иш татан мэдээлсэн байна.

Өнгөрсөн онд энэ үзүүлэлт 7.4 тэрбум ам.долларт хүрсэн бол 2018 онд 6.2 тэрбум ам.долларт хүрчээ. Цар тахлын улмаас худалдааны цэгүүдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор тийнхүү онлайн худалдан авалтын үзүүлэлт нэмэгдсэн гэж судлаачид үзэж байна.

Хар баасан гаргийн үеэр хөдөлгөөнт төхөөрөмжүүд, ахуйн техник хэрэгслүүд хамгийн их эрэлттэй байжээ. Өнгөрсөн оныхтой харьцуулахад хэрэглэгчдийн үнэт эдлэл, гутал худалдан авах сонирхол эрс буурчээ. Үүнээс гадна кибер даваа гарагт америкчууд онлайн худалдан авалтанд 10.8 тэрбум ам.доллароос 12.7 тэрбум ам.доллар хүртэлх хэмжээний мөнгө зарцуулна гэж “Adobe Analytics” таамаглаж байна. Хэрэв энэ таамаглал биеллээ олвол мөн л шинэ дээд амжилт болох юм. Кибер даваа гаргийн үеэр АНУ-д онлайн дэлгүүрүүд хямдрал зарладаг байна.

АНУ-д 11 дүгээр сарын сүүлийн буюу дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт Талархлын өдрийг тэмдэглэсний дараа баасан гарагт уламжлал ёсоор Зул сарын баярын өмнөх үнэ хямдруулсан худалдаа эхэлдэг. “Хар баасан гараг” гэдэг нэр томьёог 1869 онд хөрөнгийн зах зээлийн үймээнийг тайлбарлахад анх ашиглаж байсан бол 1950-аад оны үед энэ өдөр худалдааны төвүүдийн ойролцоох авто замын түгжрэлийг мэдээлэхдээ орчин үеийн утгаар нь ашиглаж эхэлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна