Канад гадаадын иргэдэд тавьсан хилийн хоригоо сунгажээ

Админ
2020/12/01

Канадын Засгийн газар шинэ коронавирусын цар тахалтай холбогдуулан бусад орны иргэдэд тавьсан хилийн хоригоо сунгажээ. "АНУ-аас бусад улс орнуудаас Канад руу нэвтрэх хязгаарлалтыг 2021 оны нэгдүгээр сарын 21 хүртэл сунгаж байна" гэж тус улсын Олон нийтийн аюулгүй байдал, онцгой байдлын үеийн бэлэн байдал хариуцсан сайд Уильям Блэйрийн мэдэгдэлд дурдсан байна. Одоогийн хязгаарлалт 11 дүгээр сарын 30-нд дуусна. Мэдэгдэлд мөн 12 дугаар сарын 21-нд дуусаж байгаа АНУ-ын иргэдэд тавьсан хилийн хоригийг сунгаж магадгүйг тэмдэглэжээ. Анх гуравдугаар сарын 16-нд тавьж, долоодугаар сарын 1 хүртэл үргэлжилсэн хилийн хоригийг Канадын Засгийн газар хэд хэдэн удаа сунгасан юм. Энэ хязгаарлалтад АНУ, Канадын хооронд ачаа тээвэрлэдэг холын тээврийн жолооч, эмч нар болон бусад хэд хэдэн ангиллын иргэд хамаарахгүй байна. Канадад коронавирусын анхны тохиолдол нэгдүгээр сарын 15-нд бүртгэгджээ. Цар тахал дэгдсэнээс хойш тус улсад 370 мянган хүн халдвар авснаас 294 мянга нь эдгэрч, 12 мянган өвчтөн нас барсан байна. Одоогийн байдлаар 11 сая гаруй хүнийг коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна