Монгол Улс “AstraZeneca”-ийн “COVID-19”-ийн эсрэг вакциныг худалдан авч магадгүй

Админ
2020/12/02

Ерөнхийлөгч Х.Баттулга “AstraZeneca” компанийн боловсруулж буй вакциныг үйлдвэрлэж эхлэх үед тэргүүн ээлжид худалдан авах сонирхлоо илэрхийлжээ. Тус компанийн зүгээс тэргүүн ээлжид нийлүүлэх орнуудын жагсаалтад Монгол Улсыг багтаан, хамтран ажиллахаа илэрхийлсэн гэж Ерөнхийлөгчийн тамгын газар мэдээллээ. Мөн Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тус компанийн төлөөлөгчидтэй цахимаар уулзаж, вакцинжуулалттай холбоотой хийгдэж байгаа ажил, вакцин хөгжүүлэлттэй холбоотой ээлжит мэдээлэл солилцсон байна. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг вакцин үйлдвэрлэгч компаниудтай идэвхтэй яриа хэлэлцээ хийж байгаа аж. Дэлхийн банкны 50.6 сая ам.долларын зээлээр хүн амын 60 хувийг вакцинжуулна гэж өмнө нь Засгийн газар мэдэгдсэн юм. Ерөнхийлөгчийн зүгээс 2021 оны Төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьсан юм. Хоригт УИХ-ын гишүүд ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад амин чухлаар хүлээгдэж байгаа вакцины тухай мэдсээр байж гарсан даруйд нь худалдаж авах хөрөнгийг төсөвт тусгаагүй нь хариуцлагагүй үйлдэл гэж шүүмжилсэн байна. Дашрамд дурдахад, одоогоор барууны орнуудад гурван төрлийн вакцин туршилт нь амжилттай болоод байна. “Moderna”, “Pfizer”-ийн вакцин 94.5-95 хувийн үр дүнтэй нь батлагдаад байгаа юм. “AstraZeneca”-ийн хувьд тарих тунгаас хамаарч 70 хувийн хувийн үр дүнтэй нь туршилтаар батлагдаад байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна