ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл өгч сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Баянзүрх дүүргийн нэг байрнаас өчигдөр дахиад халдвар илэрсэн байна. Халдвар авсан хүмүүсийн ойрын болон дам хавьтлыг хэдий хугацаанд илрүүлж байгаа вэ?
А.Амбасэлмаа: Батлагдсан тохиолдол илэрмэгц 24-48 цагийн дотор хавьтлыг олж тусгаарлана. Бид 24-48 цагт хүмүүсээ олж авч байгаа ч ойрын болон дам хавьтлаа хэлэхгүй байх янз бүрийн шалтгаанаас зарим тохиолдолд хугацаа уртасдаг. Вирус илрэх хугацаа хувь хүний онцлогтой холбоотой. Халдварт өртсөнөөс хойш хэзээ вирус илрэх нь нууц үеийн хугацаанд 1-14 хоног үргэлжилнэ. Тухайлбал, 71 хувь нь 24-48 цагийн дотор, 26 хувь нь 3-10 хоногт, 3 хувь нь 14 хоногийн дотор вирус илэрч онош нь батлаглаж байна. Энэ нь тухайн хүний халдварт өртсөн хугацаа, хүний биеийн онцлог зэргээс хамаарч байгаа. Голомтонд авч байгаа хариу арга хэмжээ нь батлагдсан тохиолдлыг оношлосноос хойш 14 хоногийн дотор илрүүлэг, хүрээ цомхотгож, дараагийн нууц үе 14 хоногт хянадаг. Иймд вирусний халдвар гарсан үед хавьтлыг өдөрт нь илрүүлээд дуусахгүй, тандан илрүүлэх үйл ажиллагаа үргэлжилдэг. Халдварын цар тахлын үеийн хариу арга хэмжээ нь бэлэн байдлын түргэвчилсэн төлөвлөгөө, кластер өвчлөлийн үед болон хүн ардын дунд халдвар тархсан үеийнх гээд өөр өөр байгаа. Өнөөдөр бид кластер өвчлөлийн үед хамт байсан хүнийг илрүүлэх, хүн амын дунд халдвар алдахгүйн төлөө ажиллах нь хамгийн чухал. Иймд хөнгөн балархай өвчилсөн хүмүүсийг тусгаарлаж, халдвар тархахаас сэргийлж байна. Халдвараар өвчилсөн хүмүүсийн биеэс вирус ангижиртал халдвар тараах эрсдэлтэй. Иймд халдвар судлал, хүнээ эмчлэх, хүн ардын дунд тархсан үед яаж ажиллах төлөвлөгөө бий. Иргэд амны хаалт зүүх, хөл хорионы дэглэмээ сайн сахиж байгаа учир хүн ардынхаа дунд алдчихаагүй байна. Ард иргэд сайн оролцож байгаа, цаашид ч дэглэмээ сайн сахиарай гэж хэлье.
-Халдвар авсан хүмүүсийн 85 хувь нь хөнгөн хэлбэрээр өвчлөөд өөрөө дархлаа тогтоно гэж эрдэмтэд нотолсон. Халдвар авсан хүмүүсийг заавал эмнэлэгт хэвтүүлж эмчлэх шаардлага байгаа юу?
Д.Нарангэрэл: Халдвар авсан хүмүүсийн 80 гаруй хувь нь шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрээр өвчилж байна. Бид зөөвөрлөгдсөн, алаг цоог бүртгэгдсэн, кластер буюу багцаар мөн олон нийтийн дунд өргөн хүрээнд тархсан гэсэн дөрвөн ангиллаар хариу арга хэмжээний тактик боловсруулсан. Одоогоор зарим аймагт алаг цоог, зарим газар кластер бүртгэгдсэн ангилалтай байна. Энэ хүрээнд өвчилсөн бүх хүнээ эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа. Магадгүй өөр шатанд шилжвэл өөр тактик хэрэгжүүлнэ.
-Вирусний дархлаа богино хугацаатай тогтдог юм байна. Короновирусний вакцин хийлгэхэд жилийн хугацаатай гэсэн. Тэгэхээр цаашид жил бүр вакцин хийлгэнэ гэсэн үг үү?
Д.Нарангэрэл: Шинэ вирусний дархлаа хэчнээн хугацаагаар тогтож байгаа судалгааг дэлхийн 20 гаруй орон хийсэн. Хамгийн сүүлийн судалгаагаар короновирусээр өвдөөд эдгэрсэн хүмүүс 6 сараас жилийн хугацаанд дархлаа тогтож байгаа судалгаа гарсан. Нэлээн өргөн хүрээнд судалж байгаа. Вирусний дархлаа тогтох нь харьцангуй богино хугацаатай байдаг. Та бидний мэддэг томуугийн вакцинийг жил бүр хийдэг шүү дээ. Тэгэхээр короновирусний вакцинийг магадгүй жил бүр хийх байх.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна