Энтони Фаучи: АНУ-ын хүн амын дийлэнхийг 2021 оны II улирал гэхэд вакцинжуулалтад хамруулах боломжтой

Админ
2020/12/03

Дональд Трампын Засаг захиргаа ирэх долоо хоногт “COVID-19”-ийн вакцин үйлдвэрлэгчдийн чуулган зохион байгуулна. Тэргүүлэх вакцин үйлдвэрлэгчид, эмийн дистрибьютерүүд, Засгийн газрын төлөөллийг чуулганд оролцохыг урьжээ. АНУ-ын зохицуулах байгууллагаас анх удаа “COVID-19”-ийн вакциныг бүртгэх тухай хэлэлцүүлгээс хоёр хоногийн өмнө энэхүү арга хэмжээ болно гэдгээрээ анхаарал татаж байна.

АНУ-ын хэмжээнд ирэх оны II улирал гэхэд хүн амын дийлэнхийг вакцинжуулалтад хамруулах боломжтой гэж тус улсын Халдварт өвчин судлалын хүрээлэнгийн тэргүүн Энтони Фаучи мэдээллээ.

Үүнээс гадна Европын Холбоо Зүүн Өмнөд Азийн орнуудын эрүүл мэндийн салбар, цар тахлын эсрэг авч буй арга хэмжээг дэмжих үүднээс ASEAN-ийн орнуудад 20 сая еврогийн санхүүжилт олгохоор болсноо зарлалаа.

Энэ сардаа багтаж “Pfizer”, “BioNTech”-ийн вакциныг бүртгэж, зөвшөөрөл олгож магадгүй гэж Европын Эм зүйн агентлаг мэдээлээд байна.

ОХУ-д коронавирусын халдвараар эндсэн хүний тоо сүүлийн 24 цагт 569-өөр буюу дээд дүнгээр нэмэгджээ. Эм, эмийн бүтээгдэхүүний хомсдол үүссэн тул импортоор авахаар төлөвлөж байгаа талаар тус улсын Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн байна. Тус улс коронавирусын халдварын эсрэг дотооддоо үйлдвэрлэсэн “Coronavir”, “Avifavir” зэргийг суурь эмчилгээ болгон өргөнөөр ашиглаж байна.

Үүнээс гадна ирэх оны Токиогийн Олимп үзэхээр ирэх гадаадын иргэдийг вакцинжуулалтад хамрагдсан байх шаардлага тавихгүй гэж “Nikkei” мэдээллээ. Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдвар авсан 64.1 сая, эндсэн 1.4 сая тохиолдол бүртгэгдээд байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна