НҮБ "Каннабис" ургамлыг мансууруулах эмийн жагсаалтаас хаслаа

Админ
2020/12/05

НҮБ-ын Хар тамхи, мансууруулах бодисын комисс лхагва гарnгт хуралдаж ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу каннабисын ургамлыг 1961 оны Мансууруулах эмийн тухай олон улсын конвенцын IV жагсаалтаас хасах шийдвэр гаргалаа. Тодруулбал, НҮБ-ын Хар тамхи, мансууруулах бодисын комисст дэлхийн 53 гишүүн улс багтдаг бөгөөд марихуанагийн ангилалд өөрчлөлт оруулах тухай санал хураалтад Украин улс санал өгөхөөс татгалзаж, 27:25 саналаар уг бодисыг Мансууруулах эмийн тухай олон улсын конвенцын IV жагсаалтаас хасах шийдвэр дэмжигдсэн байна. Дэмжих санал өгсөн гишүүн улсууд дунд АНУ болон Европын холбооны өндөр хөгжилтэй барууны орнууд зонхилсон юм. Харин БНХАУ, ОХУ болон Пакистан тэргүүтэй манай хөрш болон Азийн орнууд эсэргүүцэх санал өгчээ. Ингэснээр дэлхийн хэмжээнд марихуаны судалгаа, анагаах ухааны хэрэглээнд өргөн цар хүрээтэй өөрчлөлт гарах эхлэл тавигдаж байгаа аж. Үүнээс өмнө каннабисын ургамлыг 1961 оны Мансууруулах эмийн тухай олон улсын конвенцын IV жагсаалтад героин, метамфетамин, морфин, опиум болон кокаин тэргүүтэй хүний эрүүл мэндэд ноцтой хор уршигтай, сэтгэцэд нөлөөт, синтетик гаралтай мансууруулах бодисуудын хамтаар ангилж байв. Гэхдээ ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу НҮБ-ын Хар тамхи, мансууруулах бодисын комисс лхагва гаригт өөр таван зөвлөмжийг хэлэлцсэн бөгөөд тухайлбал, канабисын ургамлын сэтгэцэд нөлөөт, мансууруулах “ТНС” нэгдлийг эмчилгээний зориулалтаар 1961 оны гэрээний III жагсаалтад багтаах асуудал дэмжигдээгүй байна. Дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 50 гаруй улс орон каннабисын хэрэглээг эмчилгээний зориулалтаар ашиглахыг хуульчилсан байдаг. Хамгийн гол нь эдгээр улс орнууд нь марихуаны сэтгэцэд нөлөөт, мансууруулах “THC” нэгдлийн хэрэглээнд хязгаарлалт тогтоож, өндөр хяналт хэрэгжүүлдэг бөгөөд мансууруулах үйлчилгээгүй “CBD” нэгдлийн хэрэглээг зөвшөөрсөн байдаг гэдгийг зайлшгүй дурдах нь зүйтэй болов уу. Мөн олон улсын хэмжээнд хууль бус болон хууль ёсны канабисын зах зээлийн хэмжээ 2020 оны байдлаар 344 тэрбум ам.доллар хүрсэн гэх судалгааг Швейцарын холбогдох агентлагаас гаргасан байна. Харин бүс нутгийн хувьд жил бүр Ази тивд 132.9 тэрбум ам.доллар, Хойд Америкт 85.6 тэрбум ам.доллар, Европ тивд 68.5 тэрбум ам.доллар Африк тивд 37.3 тэрбум ам.доллар, Латин Америкт 9.8 тэрбум ам.долларын хууль бус болон хууль ёсны марихуаны худалдаа явагддаг аж. Харин улс орнуудын хувьд АНУ, БНХАУ болон Канад улсууд хууль ёсны канабисын зах зээлд тэргүүлдэг бөгөөд зөвхөн АНУ-д жил бүр 34 тэрбум ам.долларын "CBD" нэгдэл бүхий бүтээгдэхүүнийг эмчилгээний зориулалтаар борлуулдаг байна.    


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна