ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү иргэдийн байрыг барьцаалж, 44 сая төгрөг залилжээ
Та бүхэнд 2012 оны "Өглөөний сонин"-д гарсан нийтлэлийг хүргэж байна.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дарга Д.Нямхүү зээл чөлөөлөх нэрийн дор бусдын орон байрыг луйварджээ. Энэхүү хэрэг одоо болтол ямар нэгэн шийдвэрт хүрч чадаагүй байгаа аж.
Тодруулбал хохирогч Д.Батдэлгэрийн хувийн бизнес нь бүтэлгүйтэж, нэлээд их мөнгө хэрэг болсон байна. Тиймээс тэрбээр ээж, дүү нартайгаа зөвшилцөж аргагүйн эрхэнд дүүгийнхээ Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороололд байрлах хоёр өрөө байрыг, ээжийнхээ амьдардаг Баянгол дүүргийн гуравдугаар хорооллын гурван өрөө байртай хамт барьцаалан их хэмжээний зээл авчээ.
Харамсалтай нь тэрбээр авсан зээлээрээ хөрөнгө оруулалт хийсэн боловч сохор зоос ч олж чадалгүй бусдад залилуулсан байна. Ажил нь бүтэлгүйтсэн болохоор зээлээ төлөх өөр арга хайжээ.
Энэ үед нэгэн танил нь ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүг санал болгосноор бүх зүйл эхэлжээ. Д.Батдэлгэр ч найзынхаа зөвлөсний дагуу Д.Нямхүүтэй уулзав. ХӨСҮТ-ийн даргын ярьсан, хэлсэн нь найдвартай санагдаж улмаар 2006 оны 10 дугаар сард ээж Ч.Бор, төрсөн дүү Д.Бат-Эрдэнэ нарын байрыг банкны зээлээс чөлөөлж авсан байна. Д.Нямхүү “Мөнгөө өгөхөөрөө эргээд авчих юм чинь” гэж хэлсэн бөгөөд “Зөвхөн хэлбэр төдий гэрээ” хэмээн орон сууц худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зуруулжээ. Ээж, дүү хоёр нь дургүйцэж байсан ч Д.Батдэлгэр ятгаж чадав. Д.Нямхүү “өөр ажилтай боломжгүй болчихлоо” гээд Ц.Алимаа гэгчийг танилцуулжээ. Харин Ц.Алимаа нь Д.Нямхүүгийн хамаатан, өмгөөлөгч мэргэжилтэй нэгэн байжээ.
Гэвч Ц.Алимаа гэгч нь Д.Нямхүүтэй тохиролцсоныхоо дараа 2008 оны долоодугаар сарын 21-нд Д.Батдэлгэрийн ээжийг гуравдугаар хорооллын байрнаас нь хүчээр гаргасан байна. Үүнээс өмнө нэгдүгээр хорооллын байраа суллаад өгчихсөн байсан Д.Батдэлгэр сүүлд нь Д.Нямхүүд залилуулснаа мэджээ.
Тухайн үедээ Д.Батдэлгэрийн ээжийн амины сууц болох гуравдугаар хорооллын гурван өрөө байр нь 20 сая төгрөг, дүү Д.Бат-Эрдэнийн хоёр өрөө байр нь 15 сая төгрөгийн банкны зээлд барьцаалагдсан байв. Харин Д.Нямхүү гурван өрөө байрыг нь 26 сая, хоёр өрөө байрыг нь 17 сая төгрөгөөр чөлөөлж өгсөн байна.
Гэвч хэсэг хугацаа өнгөрсний дараа гурван өрөө байраа эргүүлэн авах гэтэл Д.Нямхүү Д.Батдэлгэрээс 26 сая биш 70 сая төгрөг өгөхийг шаардсан байна. Өөрөөр хэлбэл дундаас нь 44 сая төгрөг унагахаар иргэдийг залилжээ. Хэрэв энэ мөнгийг өгч чадахгүй бол хуулийн байгууллагаар яваад ч нэмэргүй хэмээн сүрдүүлсэн байна.
Д.Батдэлгэр шүүхэд хандан байраа авах гэсэн боловч Д.Нямхүү, Ц.Алимаа нарыг зээл чөлөөлөөгүй байрыг худалдан авсан гэж үзсэн байна. Ингээд анхан шатны шүүх Д.Нямхүүгийн талд шийдвэр гаргасан тул Д.Батдэлгэр давж заалджээ. Харин Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй хэмээн үзэж, зээл чөлөөлсөн болохоос худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй гэсэн шийдвэрийг гаргасан аж.
Улмаар Д.Нямхүү нар Улсын Дээд шүүхэд хандсанаар хэргийн оролцогчдод шүүх хурлын товыг мэдэгдээгүй, шүүх хурал хийсэн эсэх нь эргэлзээтэй нөхцөлд шийдвэр гаргасан байжээ. Өөрөөр хэлбэл, хохирогчид шүүх хурлын товыг зарлаагүй байж 70 сая төгрөгийн орон сууцаа 28 сая төгрөгөөр худалдсан хэмээн байж боломгүй шийдвэр гаргасан гэнэ. Түүнчлэн гэрээн дээр хуурамч гарын үсэг зурсан нь илт байхад хохирогчийн өөрийн гарын үсэг мөн гэж үзсэн аж.
Хохирогчдын хэлж байгаагаар Д.Нямхүү нь банканд өөрийн талын хүмүүстэй бөгөөд тэд нь банканд зээлтэй хүмүүсийн мэдээллийг олж өгдөг байна. Банканд ч гэлтгүй шүүх, цагдаагийн газарт өөрийн хүмүүс нь байдаг болохоор ийм шийдвэр гаргасан гэж гомдолтой нь аргагүй хэлж байв.
Иймээс хохирогч Д.Батдэлгэр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст дахин өргөдөл гаргажээ. Энэ хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд явж байгаа юм байна. Хохирогчдын хэлснээр тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Ганзориг энэ хэргийг мөн л ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүгийн талд шийдүүлэх хандлагатай байгаа ажээ.
Хохирогчид хууль хяналтынханд хандан энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсч байна.
Эх сурвалж: ulaanbaatar.me

Сэтгэгдэл бичигдээгүй байна