Нийслэлд тусгаарлалтад байсан зургаан гэр бүлээс коронавирус илэрсэн

Админ
2020/12/08

-Улаанбаатар хотод хоногт 32 тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээр хүмүүс эрсдэлгүй буюу тусгаарлалтад байсан уу? -А.Амбасэлмаа: Улаанбаатар хотод бүртгэгдсэн тохиолдлууд нь өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал. Тодруулбал, гурван тусгаарлан ажиглах байранд байсан хүмүүсээс халдвар илэрсэн. Энэ нь зургаан гэр бүлийн хүмүүс байгаа бөгөөд гуравдахь шинжилгээгээр коронавирус илэрсэн. Өөрөөр хэлбэл, тусгаарлалтаас гадуур хүн амын дунд халдварын тохиолдол илрээгүй. -Д.Нарангэрэл: ДЭМБ-ын Ерөнхий захирлын хэлснээр, дэлхийд нэг хүн халдвартай байхад бүх хүн эрсдэлтэй. Тиймээс иргэн бүр хэзээ ч өвдөж болох тул өртөг багатай сэргийлэх арга хэмжээ буюу амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай барих, гараа савандаж угаах, битүү орчинд орохгүй байх, олон хүнтэй дэлгүүр, эмийн сангаар явахгүй байх зэргээр дэглэмээ барих хэрэгтэй. Гэр бүлүүд хуваарь гаргаж 14 хоногт нэг удаа хамгийн эрүүл, дархлаа сайтай хүнээр хүнсээ цуглуулах, эмийн сан явуулах зэргээр хувийн зохион байгуулалт хийснээр энэ өвчнийг хохирол багатай туулна. -Сүүлийн 24 цагт Улаанбаатарт 32 тохиолдол илэрсэн нь маш өндөр тоо байна. ЭМЯ-наас хөл хорио сунгах эсэх асуудлаар УОК-т саналаа өгсөн үү? -А.Амбасэлмаа: ЭМЯ-наас эрсдэлийн түвшинг үнэлсэн. Цаашид энэ үнэлгээнд үндэслэн УОК-т санал дүгнэлтээ хүргүүлнэ. -Д.Нарангэрэл: УОК-т саналаа мэдээж хүргүүлнэ. Ингэхдээ, ЭМЯ-ны тархвар судлалын зөвлөл, Эмнэлгийн тусламжийн зөвлөл, Эрдэмтдийн зөвлөлтэй хамтран эрсдэлийн үнэлгээнд суурилна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна