Токиогийн Олимпын үеэр тамирчид хотхонд богино хугацаагаар байрлана

Админ
2020/12/09

Олон улсын олимпын хороо /ОУОХ/ коронавирусын халдвар тархах эрсдэлийг бууруулахын тулд тамирчдын хотхонд байрлахтай холбоотой шинэ дүрэм журмыг мөрдөхийг Үндэсний олимпын хороодоос хүссэн гэж ОУОХ-ны тэргүүн Томас Бах даваа гарагт мэдэгдлээ.

ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн хурлын дараа Томас Бахын мэдээлснээр, ирэх онд болох Токиогийн Олимпод оролцох тамирчид тэмцээнээсээ таван өдрийн өмнө хотхонд ирж, хасагдсан юм уу тэмцээнээ дуусгаснаасаа хойш хоёр хоногийн дотор хотхоныг орхих шаардлагатай ажээ.

“Бид коронавирусын халдвар тархах эрсдэлийг хамгийн бага хэмжээнд хүргэж бууруулахад Олимпын хотхонд байрлагчдын тоог багасгах нь ихээхэн ач холбогдолтой хэмээн үзсэн” гэж Томас Бах цахим хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.

Мөн тэмцээний бэлтгэл, наадмын нээлт, хаалтын ёслолд оролцох хүмүүсийн тоог ч гэсэн хязгаарлахыг эрмэлзэж байгаа ажээ. ОУОХ-ны мэдээлснээр, ОУОХ, Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хороо нэмэлт удирдамжийг 2021 оны нэгдүгээр сард танилцуулна.

Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон Токиогийн Олимп 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд болох бөгөөд энэхүү наадамд 10 мянга гаруй тамирчин хүчээ сорих юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна