Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүх нийтийн бэлэн байдлын үед ажилласан нийт төрийн албан хаагчдад талархал илэрхийлэхийн зэрэгцээ хөл хорио цаашид суларч байгаа тул иргэд сахилга хариуцлагатай байхыг уриаллаа.
Тэрбээр УОК-ын шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй, төрийн байгууллагын уялдаа жигдрээгүйгээс олон алдаа гарсан тул УОК-оос онцгойлон дүгнэж, сахилга хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй гэдгийг тодотгов. Иргэдийг бухимдуулсан, иргэний алтан амь хохирсон тохиолдолд Засгийн газар албан ёсоор уучлал хүсэж буйг тэмдэглэв. Цар тахлыг газар авхуулахгүйн тулд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, иргэн, аж ахуйн нэгжүүд хамтран ажиллаж үр дүнд хүрснийг тэмдэглэв. Хорио цээрийн үед иргэдийн амьжиргаа, баялаг бүтээгчдийн ажилтай холбоотой асуудал гарсан ч Засгийн газраас байгаа бүх бололцоогоор туламж дэмжиж арга хэмжээ авсан гэлээ.
Тэрбээр, "Одоо бид амжилтаа бататгаж үргэлжлүүлэн зохих түвшинд нийтийн арга хэмжээ, хичээл сургуулийн үйл ажиллагааг зогсоох шаардлагатай. Бидний хамгийн сайн вакцин бол хувь хүний сахилга бат, хариуцлага. Монгол Улс дотооддоо халдвар алдаагүй 10 сар болохдоо бэлтгэлээ базаасан. Мөн дэлхий нийтээс суралцаж хамгийн чухал нь сахилга бат, хариуцлага гэдгийг ойлгосон. Хорио цээр суларч байна. Хамгийн чухал нь иргэдийн сахилга бат гэдгийг дахин сануулж байна" хэмээв.
Иргэдээ вакцинжуулах ажлыг цаашдаа үе шаттай зохион байгуулахын тулд захирамж гаргаж вакцины ажлын баг байгуулж Сангийн сайдаар ахлуулсан гэдгийг онцоллоо. Тус ажлын багийг Засгийн газар хянаж ДЭМБ-ын баталгаажсан дээд зэргийн үр ашигтай вакцин, эм бэлдмэлээр иргэдээ аль болох шуурхай хангахыг эрмэлзэж ажиллахаа илэрхийлэв.
Цар тахлыг Монгол Улс амжилттай даван туулж буй улсын тоонд хэвээр байгааг олон улсын нэр хүнд бүхий байгууллага мэдэгдсээр байгааг тодотгоод, иргэдээ төрийн шийдвэр, дэглэм журмыг урьдын адил сахихыг уриаллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна