Нийслэл болон зарим аймгийн хатуу хөл хориог гурав хоног сунгав

Админ
2020/12/10

Засгийн газар, УОК-ын өнөөдрийн өргөтгөсөн хуралдаанаар, нийслэл болон Архангай, Сэлэнгэ аймагт Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацааг 12 дугаар сарын 14-ний 06.00 цаг хүртэл сунгасан тогтоол баталж, УОК-т үүрэг чиглэл өгөв. Олон улсын байгууллагын дүгнэлт, мэргэжлийн байгууллага, эрдэмтдийн зөвлөлийн санал дүгнэлтийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгжид учрах эдийн засаг, санхүүгийн эрсдэлийг даван туулах зорилгоор хөл хориог үе шаттай бууруулах нь зүйтэй гэж УОК-оос үзсэн байна. Ингэхдээ, нийслэл болон Архангай, Сэлэнгэ аймагт Бэлэн байдалд шилжсэн хугацааг амралтын өдрийг нэмж тооцон гурав хоног сунгахаар санал гаргасан байна. Энэ хугацаанд олон хоног ажиллаагүй аж ахуйн нэгж, байгууллагууд ариутгал, халдваргүйтгэлийн ажил явуулна.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаа нийслэл болон Архангай, Сэлэнгэ аймагт энэ сарын 11-ний 06.00 цагаас дуусах байсан бол ийнхүү сунгаснаар энэ сарын 14-ний 06.00 цагт дуусгавар болно. Үүний дараа Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчилсэн байдлаар шилжих юм.
Халдвар бүртгэгдсэн Архангай аймгийн Батцэнгэл сум, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар суманд Бэлэн байдалд шилжсэн хугацаа дуусмагц үргэлжлүүлэн энэ сарын 21-ний 06.00 цаг хүртэл сунгаж Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх бэлтгэл, бэлэн байдлыг хангана. Мөн хуралдаанаар Засгийн газраас УОК-т дараах үүрэг чиглэл өглөө. -Эрүүл мэндийн салбарын хүчин чадал, нөөцийн судалгааг дахин нягтлах, ялангуяа хүний нөөцөд түлхүү анхаарах, -PCR шинжилгээний хариу гарах хүчин чадлыг нэг өдөрт 100 мянгад хүргэх, лабораторийн урвалжийн нөөцийг 2-3 сараар бэлтгэх, -Улс, нийлсэл, аймгийн онцгой комисс, яам, тамгын газруудад гаргасан шийдвэрийн гүйцэтгэлийг хянаж шалгах ажлыг эрчимжүүлэх, -Засгийн газраас гаргасан шийдвэрийг анхан болон дунд шатанд хэрэгжүүлэхдээ, ойлгомжгүй үйл ажиллагаа зохион байгуулж иргэдийг бухимдуулахгүй байх, -ХӨСҮТ, хил гаальд хяналтыг чангатгах, -Цар тахлын талаарх үнэн зөв мэдээ, мэдээллийг иргэдэд цаг алдалгүй хүргэх, иргэдийн хариуцлагыг сануулж сэрэмжлүүлсэн урьдчилан сэргийлэх мэдээллийн давтамжийг нэмэгдүүлэх, -Бүх шатанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ажлын хариуцлага, сахилга батыг сайжруулахыг үүрэг болголоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна