Халдварын ойрын харилцагч 1286 хүн тусгаарлах 46 байранд байна

Админ
2020/12/10

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-“Алтай” зочид буудалд тусгаарласан 29 хүнээс 2 хоногийн өмнө халдвар илэрсэн. Нэг дор олон хүнээс илэрсэн нь тусгаарлах байрны орчин нөхцөл болон эмч нар хамгаалалтын нэг хувцастай бүх хүнээс шинжилгээ авч байгаатай холбоотой юу? “Алтай” зочид буудлыг тусгаарлах байрны зориулалтаар хэзээнээс ашигласан бэ?

“Алтай” зочид буудалд байрласан 20 гаруй хүнээс халдвар илэрсэн. Энд батлагдсан 4 тохиолдлын ойрын харилцагчдыг нэг нэгээр нь тусгаарласан. Нийт 6 гэр бүлийн 20 хүн өвчилсөн. Нэг гэр бүлийн хүмүүсийг хамтад нь тусгаарласан. Гэр бүлийнх нь хүн өвдөхөд 14 хоногийн эрсдэл бий. Энэ хугацаанд халдвар илэрсэн. Тусгай үүргийн онгоцоор гадаадаас иргэдээ авснаас хойш энэ буудлыг ажиглан тусгаарлах байраар сонгосон. Мэргэжлийн байгууллагаас авсан зөвшөөрлийн дагуу хүмүүсээ авдаг. ХӨСҮТ хүмүүсээ байрлуулж, хяналт тавих ажлаа зохион байгуулсан.

-Тусгаарлах хэдэн байранд хэчнээн хүн байна вэ? Гэрийн хорионд байлгаж болохгүй юу?

Халдварын ойрын харилцагчийг тусгайлан бэлтгэсэн ажиглалтын байранд байрлуулах төлөвлөгөөний дагуу  тусгаарлаж байна. Хоёр дахь ойрын харилцагчийг гэрийн ажиглалтанд 14 хоног тусгаарлаж байгаа. Улсын хэмжээнд тусгаарлах 46 байранд 1286 хүн байна. Нийслэлд 10 тусгаарлах байранд 362 ойрын харилцагч байгаа. Түрүүчийн ойр харилцсан хүмүүсийн шинжилгээ сөрөг гарсан тул гэрийн 14 хоногийн ажиглалтад гаргасан.

-Эмч, ажилчид халдвар аваад байгаа нь хаанас халдварлаж байна вэ? Хувцас хэрэгслийн нөөц хэр байгаа вэ?

Эмч, ажилчид халдварт өртөж байгаа нь хамгаалах хувцас хэрэгслийн хүрэлцээтэй хамааралгүй. Бидэнд нөөц хангалттай байгаа. Өвчтөнтэй ажиллах, хувцсаа тайлах үедээ халдвар авах эрсдэл их. Дэлхий дахинд эмнэлгийн ажилчид халдварт өртөх нь маш их байгаа. Олон хоног ажиллаж ядрах, ачаалал ихсэх, ямар нэгэн санамсаргүй алдаа гаргах, хувцас тайлахдаа халдвар авах эрсдэлтэй. ХӨСҮТ хүмүүсээ дархлаануулахад анхаарч байгаа.

-Орон нутагт PCR шинжилгээний төхөөрөмж хэр хүртээмжтэй байгаа юу? Хэдэн аймагт PCR шинжилгээ хийж байна вэ?

Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Ховд, Дорнод, Өмнөговь, Сэлэнгэ, Дорноговь аймгийн Замын үүд суманд PCR шинжилгээ хийж байгаа. Бусад аймагт сууриалуулах ажил эхэлсэн.

-Түргэвчилсэн оношлуураар хийсэн шинжилгээ PCR-тай зөрж байна. Түргэвчилсэн оношлуур заавал хэрэглэх шаардлагатай юу?

Түргэвчилсэн оношлуур маш үр дүнтэй. Энэ нь 97-98 хувийн баталгаатай тул зарим нь батлагдана зарим нь батлагдахгүй. Ганц нэг эерэг гараад лабораториор сөрөг гарах тохиолдол бий. Гэхдээ түргэвчилсэн оношлуураар хүмүүсээ оношлох нь маш ач холбогдолтой. Бүх газар PCR шинжилгээ хийх лабораторийн хүчин чадал байхгүй.

-Орон нутаг руу явах иргэдийн шинжилгээний хариу удаан гарч байна. Хурдан болгох боломж байна уу?

Лабораториор арав, хорин мянгаар шинжилгээ хийж, хариу тухай бүртээ гардаг. Шинжилгээний хариу шивэх, ард иргэдэд хүргэхэд саад гарсан нь одоо жигдэрч байгаа. ХӨСҮТ халдвартай хүмүүс, ойрын хавьталд онцгой анхаарч байгаа. ЭМЯ, НЭМГ-аас тусгай цэгүүд болон  айлуудаас авсан тандалтын шинжилгээг лаобраторид хийлгээд дүнг нь www.119.mn сайтаар хүргэж байгаа. Орон нутгаас гарахаас 72 цагийн дотор шинжилгээ өгсөн байх шаардлага тавьж байгаа. Шинжилгээ өгсөн байх нь чухал.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна