Нетфликс компани шатарчин охин Элизабет Хармоны тухай "Queen's Gambit" цуврал киног гаргаснаас 10 хоногийн дараа eBay цахим худалдааны сайтад шатрын хайлт 273 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл тус сайтад зургаан секунд тутамд шатар гэсэн хайлт орж ирж байсан талаар Олон улсын шатрын холбооноос мэдээлжээ.
Түүнчлэн Google-ээс хайх шатрын хайлт хоёр дахин нэмэгдэж, "шатар хэрхэн тоглох вэ" гэсэн хайлт сүүлийн есөн жилийн хугацаанд дээд цэгтээ хүрсэн байна. Мөн Goliath Games сайтын хайлтад 170 хувиар өсөж, chess.com сайтад шатар тоглогчдын тоо тав дахин нэмэгдэж, хоногт 100 мянган хэрэглэгч бүртгүүлдэг болжээ.
Уг цувралд зөвлөхөөр ажилласан шатрын их мастер Гарри Каспаров киноны ачаар дэлхий нийтээрээ энэ тоглоомыг сонирхох нь нэмэгдэж байна гэжээ. Тэрбээр "Америк болон дэлхийн бусад оронд шатрын спорт хөгжиж байна. Энэ цуврал ч маш том сурталчилгаа болж өгөх болно. Уг кино шатрын талаарх төсөөллийг өөрчилж, таныг "галзууруулж" ч магадгүй юм" гэжээ. "Шатар Бет Хармоныг өөрийнхөө сул тал болон донтолтоо даван туулахад тус болж, улмаар түвшнээ ахиулахад тусалж байгаа юм. Олон эцэг эх шатарт илүү эергээр ханддаг болж хүүхдүүдээ, ялангуяа охидоо шатарт дурлуулах болов уу гэж бодож байна" гэжээ.
Аравдугаар сарын 23-ны өдөр гарсан уг киноны дараа шатар тоглодог хүмүүсийн тоо хэрхэн нэмэгдсэнийг нарийвчлан тодорхойлох одоогоор амаргүй байгаа аж. Гэвч коронавирусийн цар тахлаас үүдсэн хөл хорионы үеэр хүмүүс цахим орчинд шатар тоглох нь нэмэгдсэн байна.
Дэлхийн шатрын холбооноос мэдээлснээр цахим орчинд 2020 оны эхээр хүмүүс өдөрт дунджаар 11 сая удаа шатар тоглож байсан бол хөл хорионы дэглэм хэрэгжсэнээр энэ тоо 17 сая болтлоо өсчээ. Шатар тоглодог сайт, аппликейшнд шинээр бүртгүүлэх хэрэглэгчдийн тоо 40 хувиар нэмэгдсэн байна.
Видео тоглоом үзэх боломжтой Twitch болон Youtube сайтуудад өнгөрсөн хоёрдугаар сард хэрэглэгчид шатрын видео үзэхэд 2 сая цаг зарцуулсан бол дөрөвдүгээр сард 4 сая цаг болтлоо нэмэгдсэн байна. Харин тавдугаар сард энэ тоо 8 сая болтлоо өсчээ. Мөн дэлхий даяар 1 тэрбум гаруй ухаалаг утсанд ямар нэг байдлаар шатартай аппликейшн татагдсан байдаг талаар Шатрын холбооноос мэдээлсэн байна.
"Шатар сонирхогчид энэ цувралыг үнэхээр дуртай үзсэн. Учир нь уг кинонд шатар хэчнээн баялаг тоглоом болохыг харуулж чадсан" хэмээн Шатрын холбооны төлөөлөгч ярьжээ. "Кино уйтгартай мэт хэрнээ үнэхээр догь. Маш өрсөлдөөнтэй мөртлөө бүхэлдээ сонирхол татсан, бүтээлчээр хийсэн, өнгөлөг, сонирхолтой дүрүүдтэй. Бид ийм кино гарсанд үнэхээр баяртай байна. Олон ч хүн шатартай танилцаж, зарим нь дахин танилцаж байна" гэжээ.
"Queen's Gambit" кинонд шатрыг эрчүүд илүүтэй тоглодог тухай үзүүлдэг. Тэгвэл Унгарын их мастер Юдит Полгар бүх цаг үеийн хамгийн агуу шатарчин эмэгтэйчүүдийн нэгд тооцогддог бөгөөд тэрбээр 15 нас 4 сартайдаа Америкийн шатарчин эмэгтэй Бобби Фишерийн тогтоосон рекордыг эвдэж хамгийн залуу шатрын их мастер болж байжээ.
Өдгөө 44 настай тэрбээр энэ цуврал хүмүүсийн хандлагыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулна гэж үзэж байгаа аж. "Охид шатар тоглох нь нэмэгдэх байх гэж бодож байна. Тэд зүгээр ч нэг тоглоод зогсохгүй авьяастай бол эцэг эх, дасгалжуулагч нарынхаа дэмжлэгээр улам өндөр чадвартай гэдгээ нээж харуулна гэдэгт итгэлтэй байна" гэжээ. Полгар шатрыг ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийн салшгүй нэг хэсэг болговол хүүхдүүдийн ирээдүйд маш хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Шатар хүнийг өдөр тутмын амьдралд хэрэгтэй логик сэтгэлгээ, шийдвэр гаргалт, хариуцлага, тэвчээр хатуужил зэрэг олон талын чадварт сургадаг гэжээ.
Эх сурвалж: CNN



Сэтгэгдэл бичигдээгүй байна