АНЭУ: БНХАУ-ын коронавирусын эсрэг вакцин 86 хувийн үр дүн үзүүлсэн

Админ
2020/12/11

Арабын Нэгдсэн Эмират Улс БНХАУ-ын “Sinopharm” группийн гарган авсан коронавирусын эсрэг вакцины үр дүнгийн талаар мэдээлсэн анхны улс боллоо.

АНЭУ-ын мэдээлснээр, гуравдугаар үе шатны туршилтаар уг вакцин 86 хувийн үр дүн үзүүлжээ. “Sinopharm” группийн вакциныг “албан ёсоор бүртгэсэн” гэж АНЭУ-ын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.

Мөн вакцины аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудал үүсээгүй болохыг Эрүүл мэндийн яам мэдэгджээ. Гэсэн хэдий ч “Sinopharm”, АНЭУ-ын аль аль нь 31 мянган хүнийг хамруулсан туршилтынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа ажээ.

Мөн АНЭУ-ын мэдэгдэлд хэчнээн хүн халдвар авсан, хэдэн хүнд вакцин, хэдэн хүнд идэвхгүй нэгдэл тарьсан талаар дурдаагүй байна. Мөн гаж нөлөөний талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байгаа юм.

Мэргэжилтнүүдийн хувьд уг вакцины талаарх мэдээлэл дутмаг байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлсэн бөгөөд “Sinopharm” группийн зүгээс яагаад мэдэгдэл гаргахгүй байгааг тодруулахыг хүсэж байгаа ажээ.

АНЭУ-ын “Wam” агентлагийн мэдээлснээр, долоодугаар сард эхлүүлсэн туршилтад 125 орны иргэн оролцсон бөгөөд галын шугамд ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудад яаралтай зориулалтаар хэрэглэх зөвшөөрлийг есдүгээр сард олгосон байна.

Мөн АНЭУ-ын дэд Ерөнхийлөгч, Дубайн захирагч Мохаммед бин Рашид аль-Мактум 11 дүгээр сард вакцин хийлгэжээ. “Sinopharm”-ын вакциныг яаралтай хөтөлбөрийн хүрээнд Хятадын нэг сая иргэнд хэдийн хийжээ.

“Sinopharm”-ын бүтээгдэхүүн нь Хятадад гарган авч буй вакцинуудаас туршилтын сүүлийн үе шатандаа шилжсэн дөрвөн вакцины нэг юм. Тэдгээрийн дунд “Sinovac” компанийн “CoronaVac” вакцин багтаж байгаа бөгөөд Индонез уг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө хэрэглэхээр хүлээн аваад байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна