Монгол Улсад “COVID-19” халдвартай тэмцэхэд зориулж БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас лабораторийн тоног төхөөрөмж болон оношлуур хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр цахимаар боллоо.
Нийт 4 сая юань буюу 1.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий полимеразын гинжин урвалын анализатор машин, вирусний нуклейн хүчлийг ялгагч аппарат тус бүр 4 ширхэгийг тэдгээрийн оношлуур, ялгагч багцын хамт хандивлаж байгааг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй хүлээлгэн өгөв.
Тэрбээр хэлэхдээ, БНХАУ-ын Засгийн газраас шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмж, эмнэлгийн болон хувийн хамгаалах хэрэгслийн багц тусламжийг Монгол Улсад үзүүлж байгаа. Энэ удаа дөрөв дэх ээлжийн тусламжийг хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдээд Монгол Улсын Засгийн газраас “COVID-19” халдварын эсрэг авч буй арга хэмжээ, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд үр дүнтэй байгааг онцолсон юм. Мөн тэрбээр БНХАУ-д халдвар дэгдэх үед Монгол Улсын төр засаг, ард иргэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ 30 мянган хонь бэлэглэсэн явдалд Хятадын ард түмэн тун их баяртай байгааг мэдэгдээд цаашид хамтын хүчээр цар тахлыг ялан дийлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс Монгол Улсад халдвар голомтлон тархаж эхэлсэн амаргүй хүнд үед БНХАУ-ын Засгийн газраас “COVID-19” халдварыг илрүүлэх, баталгаажуулах гол шинжилгээний аппаратуудыг оношлуурын хамт иж бүрнээр хүлээлгэн өгч байгаад талархал илэрхийлж, энэхүү үйл ажиллагаа нь цаг үеэ олсон нэн чухал ажил болсныг онцлон тэмдэглэв. Тэрбээр “COVID-19” халдвар тархаж эхэлсэн үеэс хоёр улс харилцан бие биедээ тусалж дэмжиж ирсэн бөгөөд энэ удаагийн тусламж нь эдгээр хандив тусламжийн томоохон хэсэг болохыг онцлоод дээрх оношилгооны аппаратуудыг ХӨСҮТ болон ЗӨСҮТ-д тус тус хүлээлгэн өгч одоогоор нийт 100 мянга гаруй хүнд шинжилгээ хийсэн болохыг мэдэгдлээ.
Цахим ёслолын үеэр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн тасгийн эрхлэгч Б.Дармаа, ЗӨСҮТ-ийн Лавлагаа лабораторийн вирус судлаач У.Өнөрсайхан нар оролцож, лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур хандивласанд талархал илэрхийлэв.
Мөн энэ үеэр Элчин сайд Цай Вэньруй тус улсын Элчин сайдын яамнаас ХӨСҮТ-ийн эмч ажилтнуудад зориулж 500 мянган юанийн мөнгөн тусламж үзүүлж байгааг хүлээлгэн өгснөө мэдэгдэж, халдвартай тэмцэж байгаа бүх ажиланд ажилд нь амжилт, эрүүл мэндийг хүсэн ерөөв.ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү мөнгөн тусламжийг талархан хүлээн авч, БНХАУ-ын ЭМЯ-ны хамт олонд чин сэтгэлийн хариу талархал илэрхийлсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна