Коронавирус цаас, шил, шаазан эдлэл дээр 5 хүртэл өдөр болох судалгаа гарчээ

Админ
2020/12/13

АНУ-ын судлаачдын сүүлийн үеийн судалгаагаар коронавирус 2 цагаас 5 өдөр хүртэл хугацаагаар гадаргуу дээр байх өндөр эрсдэлтэй гэж үзжээ.

Тухайлбал, хаалганы бариул буюу металл гадаргуу дээр 5, модон эдлэлд 4, хуванцар, ган эдлэл дээр 2-3 өдөр, зэс гадаргууд 4 цаг, хөнгөн цагаан эдлэлд 2-8 цаг, цаас, шил, шаазан эдлэл дээр 5 хүртэл өдөр болох судалгаа гарчээ.Иймд ирэх даваа гаригаас олон байгууллага ажиллаж эхлэхэд хүн бүр коронавируснээс сэргийлж, халдвар авахгүй, бусдад тараахгүй байхад онцгой анхаарах хэрэгтэйг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Хөл хорионы дэглэм суларч, ажил үйлчилгээ эхэлж байгаатай холбогдуулан тэрбээр дараах зөвлөмжийг хүргэж байна.

Ажилчид ажлын байран дахь ширээ сандал, компьютер, аяга зэрэг бүх зүйлээ гарын дор уусмалаар ариутгана. Агаарын сэлгэлтийг 2 цаг тутам хийж, хүн хоорондын зайг 1-1,5 метрт барих, ширээ сандалаа 1,5-2 м зайд байрлуулах, ажилчдынхаа 3-ны хоёрыг цахимаар ажиллуулах бололцоог хангах, бүх өргөдөл, гомдол, бичиг цаасыг цахимаар авах шаардлагатай.

Тухайн байгууллагын ажилчид нэг өдөр ажилдаа зэрэг ирэх нь эрсдэлтэй тул богиносгосон цагаар, ээлжээр ажиллуулах зохицуулалт хийх хэрэгтэй.

Байгууллага зөвхөн амны хаалттай хүнд үйлчилж, спиртэн суурьтай гар ариутгагч бэлтгэнэ.

Ажилчдаа дархлаажуулж, сэтгэл зүйн дарамтанд оруулахгүй байх, урьдчилан сэргийлэх зөвлөмж зөвлөгөөг, зай барих тэмдэглэгээг ажлын байранд ил тод байрлуулан, хүмүүсийг ээлжилж оруулна.

Зоогийн газрууд 1-2 хүн хоорондоо хол сууж хооллох, хүмүүсийг нэг дор, нэг тасалгаанд ундлахыг багасгаж, албан газарт зөөврөөр хүргэх нөхцөл бүрдүүлнэ.

Хүний бөөгнөрөл үүсгэхгүй, чанга ярьж шүлсээ үсэргэхгүй, гар барихгүй байхад анхаарах ёстой. Албан байгууллагын удирдлага, ажилчин, үйлчлүүлж байгаа хүн бүгд хариуцлагатай байж, хамтын хүчээр халдвараас сэргийлэхийг анхааруулав.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна