Беларусь улсын Минск хотод болсон жагсаал цуглааны үеэр 300 гаруй хүнийг саатуулжээ

Админ
2020/12/15

Беларусь улсын Минск хотод ням гарагт 300 гаруй хүн саатуулагдсан тухай тус хотын Дотоод хэргийн ерөнхий газрын гүйцэтгэх хорооны албан ёсны төлөөлөгч Роман Лашкевич мэдэгджээ.

Олон нийтийн арга хэмжээний тухай хууль тогтоомжийг зөрчсөнтэй холбоотойгоор эдгээр хүмүүсийг баривчлан саатуулсан байна. Нийслэл Минск хотын дүүргүүдэд ням гарагт 800 орчим хүн цугларчээ.

“Хууль зөрчсөн үйлдэл хийж болохгүй гэдгийг зөвшөөрөлгүйгээр явуулсан арга хэмжээнд оролцогчдод хэд хэдэн удаа сануулсан. Энэ сануулгыг хүлээж аваагүй, цуглаанд идэвхтэй оролцож байсан хүмүүсийг саатуулсан” хэмээн Дотоод хэргийн ерөнхий газрын төлөөлөгч мэдэгдсэн байна.

Үүнээс гадна өмнө нь жагсаал цуглаанд оролцох үеэрээ саатуулагдаагүй иргэдийг олж илрүүлэх ажил үргэлжилж байгааг Роман Лашкевич цохон тэмдэглэв.

Беларусьт 8 дугаар сарын 9-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал цуглаан хэдэн сарын туршид үргэлжилж байгаа юм. Сонгуулийн төв комиссын мэдээлснээр, Александр Лукашенко 80.10 хувийн саналаар сонгуульд ялсан. Беларусьт сөрөг хүчний Зохицуулах зөвлөл байгуулагдаж, жагсаал цуглаан хийсээр байхыг уриалсан бол эрх баригчид үүнийгээ зогсоохыг шаарджээ. Ням гарагт бүр Минск хотод хамгийн олон хүнийг хамарсан жагсаал цуглаан болж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна