Олон Улсын Парламентын холбоо Ж.Эрдэнэбатыг хууль бусаар ялласан гэж үзлээ

Админ
2020/12/15

Олон улсын парламентийн холбоо гэж юу вэ?

1889 онд байгуулагдсан. 179 улсын парламентийн гишүүнчлэлтэй. ОУПХ бол улс орны парламентуудын олон улсын байгууллага юм. ОУПХ нь ардчилсан засаглал, институц, үнэт зүйлийг сурталчилж, парламент болон парламентын гишүүдтэй хамтран иргэдийн хүсэл эрмэлзлэлийг илэрхийлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр ажилладаг. Мөн энх тайван, ардчилал, хүний ​​эрх, жендэрийн тэгш байдал, залуучуудыг хүчирхэгжүүлэх, тогтвортой хөгжлийн төлөө улс төрийн яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа, парламент хоорондын үйл ажиллагаагаар ажилладаг.

Парламентийн гишүүдийн эрхийг хамгаалах тухай

Парламентын гишүүдийн эрхийг хамгаалах, улмаар парламентын институцийг хамгаалах зорилгоор ОУПХ 1976 онд Парламентын гишүүдийн Хүний эрхийн хороог байгуулсан. Энэ хүрээнд саатуулагдсан парламентын гишүүнийг суллах, өмнө нь чөлөөлөгдсөн парламентын суудалд эгүүлэн тогтоолгох, хохирсон тохиолдолд нөхөн төлбөр олгуулах, зөрчлийг мөрдөн шалгах, буруутай этгээдэд хууль ёсны дагуу арга хэмжээ авах зэрэг олон хэлбэрийн арга хэмжээ авч хэрэгжүүлдэг.

Парламентын гишүүдийн Хүний эрхийн хороо нь үүсгэсэн хэргийг зохистой байдлаар шийдэгдэж дуусах хүртэл уг хэргийг хаадаггүй, хэргийг зохистой шийдвэрлүүлэх талаар зогсолтгүй ажиллахыг дүрмэндээ тусгасан байна.

Монгол улсын парламентийн гишүүдийг хамгаалах талаар ОУПХ-ны үүсгэсэн хэргүүд

ОУПХ нь Монгол улсын парламентийн гишүүнийг хамгаалахтай холбоотой нийт 8 асуудлыг хэлэлцэж, хоёрт нь хэрэг нээж шалгахаар шийдвэрлэсэн байна. Эхнийх нь УИХ-ын гишүүн агсан С.Зоригийг хөнөөсөн хэрэг бөгөөд, 2 дахь нь УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг хууль бусаар баривчлан, хорьсон хэрэг юм.

Парламентын гишүүдийн Хүний эрхийн хороо 2020 оны 10 сарын 31-ны өдрийн 162 дугаар хуралдаанаар Ж.Эрдэнэбатыг хууль бусаар баривчлан, хорьсон асуудлыг хэлэлцэж, уг асуудлыг хэрэг нээн хянан шалгахаар шийдвэрлэсэн байна.

ОУПХ үүсгэсэн хэргүүдийг зохих ёсоор шийдвэрлэх талаар ямар арга хэмжээ авдаг вэ?

Парламентийн гишүүдийн Хүний эрхийн хороо нь эрх нь зөрчигдсөн парламентийн гишүүний эрхийг хамгаалах асуудлыг шийдвэрлүүлэх талаар хэд хэдэн төрлийн арга хэмжээ авч ажилладаг. Үүнд, мөрдөн шалгах ажиллагаа явуулах, сонсгол зохион байгуулах, шүүх хуралд ажиглагчаар оролцох, ажлын хэсэг томилон газар дээр нь ажиллуулах, дүгнэлт гаргаж эрх баригчдад шаардлага хүргүүлэх зэрэг арга хэмжээг авдаг.

ОУПХ-ны гаргасан дүгнэлт нь НҮБ, Европын холбоо зэрэг олон улсын байгууллагуудын анхааралд хүрч, Монгол улсын засаглал, шударга шүүхийн тогтолцооны талаар сөрөг үнэлэлт өгөх, улмаар эдийн засагт сөргөөр нөлөөлөхүйц арга хэмжээ авах хэмжээнд нөлөөлж болзошгүй юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна