Санжана Риши хуримын өдрөө энэтхэгийн уламжлалт хувцас бус харин костюм бүхий хослол өмсжээ. Барууны орнуудад сүүлийн жилүүдэд сүйт бүсгүй хуримандаа ийм хувцас сонгох хандлага түгээмэл байв. “Хаадын тоглоом” цувралын жүжигчин Софи Тернер хуримын өдрөө ажил хэрэгч хувцаслалт сонгосон юм.
Харин Энэтхэгт Санжана Ришигийн Итали загвар зохион бүтээгчийн сонголт олон хүнийг гайхшруулжээ. Тус улсад сүйт бүсгүй хуримаараа урт, торгон, улаан өнгийн саригаар гоёдог уламжлалтай. Мөн сүйт бүсгүйн даашинзыг алт, мөнгөөр чимэглэдэг байна. Сүйт бүсгүйчүүд ээж, эмээгээсээ өвлөсөн үнэт эдлэлээр гоёдог заншилтай.
Энэтхэгийн хуримын сэтгүүлийн эрхлэгч Нупур Мехта Пури “Ийм хувцастай сүйт бүсгүйг би анх удаа харж байна. Энэ бол цоо шинэ зүйл. Санжана Риши бусдаас ил ялгарлаа” гэжээ.
Санжана Риши 29 настай, Америкт хуульчаар ажилладаг. Тэрээр загварын салбар хүрээлэн буй орчинд ээлтэй байх ёстой гэж үздэг тул голдуу хуучин хувцас худалдан авдаг байна. Хуримын хувцасны сонголтын тухай тайлбарлахдаа “Миний үлгэр жишээ авдаг, хүчирхэг эмэгтэйчүүд ингэж хувцасладаг, иймд би хуримын өдрөө юу өмсөхөө маш сайн мэдэж байсан.” гэжээ. Тэрээр өдөр тутамд ч хослол өмсөхийг илүүд үздэг аж.
Санжана Делигийн бизнес эрхлэгч Друв Махажантай гэрлэжээ. Хосууд гэрлэхээсээ өмнө нэг жил хамт амьдарсан нь Энэтхэг соёл уламжлалыг мөн зөрчсөн хэрэг юм. Үүнд Санжанагийн гэр бүл, найзууд, хөршүүд нь ихээхэн дургүйцэж, харилцаагаа албан ёсны болгох хэрэгтэй гэж үзэж байжээ.
Хосуудын хуриманд ердөө 11 зочин оролцсон нь ихээхэн онцлог. Энэтхэгчүүд хуримаа мөш өргөн дэлгэр, олон зочинтой зохион байгуулдаг ч КОВИД-ын улмаас цомхон хурим хийдэг болжээ.
Сүйт бүсгүйн нөхөр Друв эхнэрээ хослол өмсөнө гэж огт бодоогүй байна. Тэрээр хуримын өдрөө л эхнэрийнхээ хувцсыг харжээ. Эхэндээ түүний өмдийг анзаараагүй байна. Түүнийг харахад сахиусан тэнгэр шиг, гойд сайхан байсныг л харсан гэж сэтгүүлчид ярьжээ.
Хуримын дараа Санжана зургуудаа нийгмийн сүлжээнд байрлуулахад Энэтхэгийн загвар зохион бүтээгчид, кино одууд түүний сонголтыг магтаж, сүйт бүсгүй ийм хувцастай байхдаа ч сайхан харагддаг юм байна гэцгээсэн бол зарим нь Энэтхэгийн соёлыг гутаасан, бусдын анхаарлыг татахаар оролдсон, фэминизмийн нэрээр юу ч хийхээс буцахгүй, барууны соёлд тархиа угаалгасан тул үндэсний соёл заншлаа ойлгохгүй гэх мэтээр шүүмжилжээ. Бүр түүнийг хөнөөх хэрэгтэй гэсэн хүн ч байв.
Санжана “Эдгээр шүүмжлэлийг ойлгохгүй байна. Эрэгтэй хүн хуримдаа өмд өмсөхөд хэн ч анзаардаггүй атал яагаад эмэгтэй хүн өмсөхөд болохгүй гэж. Ер нь эмэгтэйчүүд маш их стандарт мөрддөг шүү дээ. Би хуримдаа өмд өмссөнөөр ямар нэг улс төрийн санаа зорилго агуулаагүй. Санамсаргүй л ийм юм болчихлоо. Миний бодлоор зөвхөн Энэтхэг гэлтгүй бүх улсад эмэгтэйчүүд хүссэнээ өмсөх ёстой. Би бусад эмэгтэйчүүдэд урам зориг өгсөндөө баяртай байгаа ч зарим гэр бүлд энэ асуудлын улмаас маргаан, зөрчил гарах вий хэмээн болгоомжилж байна” гэж ярьжээ.
Эмэгтэйчүүдийн хувцаслалттай холбоотой маргаан Энэтхэгээс бусад орнуудад ч өрнөж байв. Хачирхалтай нь Францад 2013 он хүртэл эмэгтэйчүүд өмд өсөх хориотой байв. Гэвч тус улсын эмэгтэйчүүд энэ хуулийг олон жилийн турш мөрдөөгүй. Мөн БНСУ-д охид сургуульдаа зөвхөн бошинз өмсөнө. Тэдэнд өмд өмсөхийг зөвшөөрдөггүй байжээ. АНУ-ын Хойд Каролинд эмэгтэй сурагчид өвлийн хүйтэнд ч өмд өмсөх ёсгүй тул 18 настай охин шүүхэд хандаж, маргаандаа ялсан удаатай. Харин Энэтхэгт зарим хуучинсаг үзэлтэй гэр бүлүүд охидодоо жинс өмсөхийг зөвшөөрдөггүй. Тус улсад одоо ч эцгийн эрхт ёс ноёлдог тул эрчүүд эмэгтэйчүүдийн ямар зан авир гаргах, хүүхэд төрүүлэх эсэх, юу ярих, яаж инээх, хувцаслахыг ч заасаар байна.
Эх сурвалж: BBC



Сэтгэгдэл бичигдээгүй байна