Нохой коронавирусийн халдварыг үнэрлэж илрүүлэх чадвартай болохыг тогтоожээ

Админ
2020/12/16

Олон улс коронавирусийн халдварыг богино хугацаанд, найдвартай, хямд аргаар илрүүлэх аргыг эрэлхийлж байна. Тэгвэл нохой хүний хөлсийг үнэрлэх замаар коронавирусийн халдварыг илрүүлэх чадвартай болохыг баталсан судалсан шинэ судалгааны үр дүн  PLOS One сэтгүүлд нийтлэгджээ. Судлаачид Францын дөрвөн эмнэлэг, Ливаны нэг эмнэлгээс нийтдээ 177 өвчтөний хөлсний дээжийг авчирч тусгай бэлтгэлтэй 14 нохойд үнэрлүүлэн халдварыг илрүүлж чадах эсэхийг туршжээ. Арав гаруй удаагийн туршилтын үр дүнд ноход халдварыг 76-100 хувийн үр дүнтэй илрүүлж байгаа нь тогтоогдсон байна. Ялангуяа бүдүүн гэдэсний хорт хавдар илрүүлэхэд тусгайлан сургагдсан Белла, Жеки нэртэй хоёр нохой халдварыг 100 хувь илрүүлж байжээ. Лабораторийн шинжилгээгээр 177 хүний 95 нь халдвартай болох нь тогтоогдсон байв. Гэтэл дээрх хоёр нохой халдваргүй хэмээн оношлогдсон хүний хөлсийг удаа дараа халдвартай гэж зааж байжээ. Эмнэлгээс дахин шинжилгээ хийж үзэхэд уг хүн халдвар авсан нь батлагджээ. Түүнчлэн ноход ямар тохиолдолд алдаж байгааг судлаачид тодруулахыг зорьжээ. Тухайлбал, нэг туршилтын үеэр морь хажуугаар явж өнгөрсөн нь нохойны үнэрлэх чадварт нөлөөлсөн гэж үзжээ. Судалгааны үр дүнг баталгаажуулахын тулд илүү олон туршилт хийх шаардлагатай гэж судалгааны багийнхан үзэж байгаа аж. Коронавирусийн халдварыг илрүүлэхэд нохдыг ашиглах аргачлал хэд хэдэн улсад хэрэгжиж байна. Тухайлбал, Их Британи дахь Лондоны Их сургуулийн Эрүүл ахуй, халуун орны анагаах ухааны сургуулийн эрдэмтэд зургаан нохойг коронавирусийн халдвар илрүүлэхэд сургаж байгаа аж. Халдвар авсан хүн ямар нэгэн шинж тэмдэггүй байлаа ч эдгээр ноход коронавирусийн халдварыг илрүүлэх чадвартай гэж судлаачид үзэж байна. Мөн Финландад тусгайлан бэлтгэгдсэн нохойг өнгөрсөн есдүгээр сараас хойш Хельсинкигийн нисэх онгоцны буудалд ажиллуулж, коронавирусийн халдварыг илрүүлэхэд ашиглаж байгаа талаар CNN мэдээлжээ. Дашрамд дурдахад, нохойны үнэрлэх чадварын хүнийхээс даруй 10 мянган дахин сайн байдаг гэнэ. Тиймээс тусгайлан бэлтгэгдсэн нохдын тусламжтайгаар мансууруулах бодис, галт зэвсэг, тэсрэх бөмбөг, тэр бүү хэл гэдэсний хорт хавдар, хумхаа, Паркинсоны өвчнийг илрүүлэхэд ашигладаг байна. Эх сурвалж: CNN , ub.life


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна