Н.Тавинбэх: Орон сууц болон аж ахуйн нэгжийн хэрэглээний өсөлт 6-7 хувьтай байна
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар тог, ус, хог, уур, дулааны төлбөрийг төр хариуцах асуудлыг зохицуулах журмыг баталж, өвөлжилт хүндэрч байгаа аймгуудад нийт 5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн. Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр сэтгүүлчид асуултад хариулсан юм.
-Цахилгаанаа өнгөрсөн оны мөн үеийнхээс илүү хэрэглэсэн бол зөрүү төлбөрийг хэрэглэгч өөрөө хариуцаж төлнө гэсэн. Шинэ хэрэглэгчдийн төлбөрийг хэрхэн тооцох вэ?
-Монгол Улсын хэмжээнд цахилгаан, дулааны 738 мянган хэрэглэгч бий. Үүнээс 728 мянга буюу 98 хувь нь хөнгөлөлтөд хамрагдаж байгаа. Мөн цахилгаан, дулаан хэрэглэдэг 678 мянган өрх бүгд хамрагдана. Шинэ хэрэглэгчийн хэрэглээг тооцдог аргачлал бий. Тэр аргачлалын дагуу тооцно. Ингэхдээ хэрэглэгчтэй ч зөвшилцөх тул хүндрэл гарахгүй.
-Нүхтэд юм уу, Гачууртад байгаа амины хаусуудын хэрэглээ гэр хороолын иргэдийнхээс илүү их ачаалал өгч байгаа тухай мэдээлэл бий?
-Аль чиглэлд хэрэглээ өсөж байгааг өнгөрсөн хоёр хоногт тооцсон. Ер нь бол нийт хэрэглээний 96 хувийн ачаалал ахуйн хэрэглэгч, тэр дундаа гэр хороололд байна. Харин орон сууц болон аж ахуйн нэгжийн хэрэглээний өсөлт 6-7 хувьтай байна. Хэрэглээ өсөж байгаа газрын нэг хэсэг бол Нүхт. Нүхтэд хэрэглээ 2 дахин өссөн байна. Цахилгаан, дулаан бол өндөр өртөгтэй үйлчилгээ. Тиймээс цахилгаан, дулаанаа үр дүнтэй, зохистой, зөв хэрэглэх ёстой.
-Ирэх жилүүдэд эрчим хүчний салбарт ямар шинэчлэл хийх вэ?
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрчим хүчний 9 эх үүсвэр байгуулахаар тусгасан. Мөн ДЦС-3-ыг 325 мВт-аар өргөтгөнө. Мөн Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 мВт-ын хүчин чадалтай ДЦС барина. Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд 90 мВт-ын УЦС барих зэрэг төсөл бий. Ингэснээр цахилгаан, дулааны эрчим хүчний хүчин чадал одоо байгаагаас 1.5 дахин нэмэгдэх боломжтой болох юм.
-Орон нутагт өвс, малын тэжээлийн үнэ өссөн тухай мэдээлэл ирж байгаа. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан өвс, тэжээлийн үнэ өссөн байна. Тиймээс Засгийн газраас зарим нэгэн хүнсний бүтээгдэхүүн, өвс, тэжээлийн гаалийн болон НӨАТ-ыг тэглэсэн. Ингэснээр импортын тэжээлийн хэмжээ нэмэгдэнэ. Мөн малын өвс, тэжээл бэлтгэдэг, үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-аас чөлөөлөх хуулийг өнгөрсөн долоо хоногт УИХ баталсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар дээрх хуулийн хөнгөлөлтөд хамрагдах бүтээгдэхүүн жагсаалтыг баталсан. Ингэснээр өвс, тэжээлийн үнэ тогтворжих нөхцөл бүрдэж байна.

Сэтгэгдэл бичигдээгүй байна